
Монгол Улсыг олон улсад сурталчлах үйл ажиллагааны төлөвлөгөөг Аялал жуулчлалын үндэсний хорооны хуралдаанаар баталлаа.
“Монголд зочлох жил”-ийн бэлтгэл ажил, явц, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, виз олгох журамд оруулсан өөрчлөлтүүд, жуулчин хүлээн авахад боомтуудын бэлэн байдлыг хангах, нэвтрэх чадамжийг дээшлүүлэх талаар холбогдох яамдын сайд нар хуралдааны үеэр танилцуулсан байна.
2023 онд “Монгол зочлох жил”-ийн хүрээнд Засгийн газраас жуулчдын тоог нэг сая хүргэж, аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум 200 сая ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 11.5 хувь, 2024 онд жуулчны тоог 1.6 сая хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм.
Монгол Улс БНХАУ-тай 17, ОХУ-тай 13 боомтоор хил нэвтэрдэг бөгөөд боомтын сэргэлтийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хийх судалгааны болон барилга, байгууламжийн бэлтгэл ажил хийгдэж байгаа аж. ОХУ-аас авах жуулчдын тоог энэ онд 250 мянга хүргэхээр төлөвлөөд байна
Жуулчид хүлээж авахад тулгамдаж буй зочид буудал, тээвэр, зоогийн газар, жуулчны бааз, ариун цэврийн өрөө болон орон нутгийн нислэгийн асуудлыг шийдвэрлэхэд 15 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж.