
ОХУ-ын Гадаад хэргийн дэд Сайд Андрей Руденко. Зургийг: tass.com
ОХУ-ын Гадаад хэргийн дэд Сайд Андрей Руденко мягмар гарагт “ТАСС” агентлагт ярилцлага өгөхдөө өрнөдийн орнууд Монгол Улс, ОХУ хоорондын эв найрамдал, хамтын ажиллагааг сулруулахыг оролдож байгааг онцлоод, “Өрсөлдөгчдийн тавьсан урхийг тойрч гарах ухаан” монголчуудад байгаа гэдэгт Москвагийн зүгээс итгэлтэй байгааг илэрхийлжээ.
“Монголд гуравдагч хөрш гэж нэрлэгддэг барууны орнууд Монгол Улс, ОХУ-ын уламжлалт эв найрамдалтай харилцааг сулруулахаар нэгдсэн хүчин чармайлт гаргаж байна. Манай өрсөлдөгчдийн тавьсан урхийг тойрон гарч, хоёр орны ард түмний амин чухал ашиг сонирхолд нийцсэн харилцаа холбоог зөв зүйтэй, бүтээлч байдлаар хөгжүүлэх мэргэн ухаан Монголын түншүүдэд маань хангалттай байгаа гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн өгүүлсэн байна.
2022 оны эхээр хоёр улс ариун цэвэр, халдвар хамгаалалтай холбоотой хязгаарлалтыг харилцан цуцалснаас хойш ОХУ-Монгол Улсын улс төрийн яриа хэлэлцээ ялангуяа өндөр, дээд түвшинд эрчимжээд байгааг Андрей Руденко мөн онцолжээ. Түүнчлэн “Хоёр улс цэргийн болон цэрэг-техникийн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлсээр байгаа” гэсэн байна.