
Макро эдийн засгийн тааруу нөхцөл байдал үргэлжилж, үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгчид 5G сүлжээнд мөнгө зарцуулахдаа болгоомжлонгуй хандаж байгаагаас үл хамааран эрэлт өндөр түвшинд хадгалагдсан тул “Nokia” компани өнгөрсөн улиралд төсөөллөөс дээгүүр хэмжээний орлоготой ажилласнаа тайлагнажээ.
Финландад төвтэй үүрэн холбооны тус компанийн үйл ажиллагааны ашиг IV улиралд 27 хувиар өсөж, 1.15 тэрбум евро (1.3 тэрбум ам.доллар) хүрсэн бол нэгж хувьцаанд ногдох орлого нь 16 цент болсныг пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна.
“Энэ он эрчимжүүлэлтийн жил болно гэж бид 2022 оны эхэнд хэлж байсан. Бид тэр амлалтдаа хүрч чадлаа. Одоо дахин нэг өсөлтийн жил хүлээж байна” хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Пекка Лундмарк онцоллоо.
Эдийн засгийн хүндрэлүүд 5G сүлжээний тоног, төхөөрөмжийн компаниудад дарамт учруулснаар борлуулалт БНЭУ зэрэг маржин багатай зах зээлүүд рүү шилжиж, АНУ-ын компаниудын худалдан авалт буурчээ. Өнгөрсөн долоо хоногт “Nokia”-ийн өрсөлдөгч “Ericsson” компанийн орлогын үзүүлэлт таамаглалаас доогуур гарсан нь томоохон үйлчлүүлэгчид эдийн засгийн тодорхойгүй орчны нөлөөгөөр зарцуулалтаа бууруулсантай холбоотой аж.
“Nokia” компани энэ онд үйл ажиллагааны ахиуц ашиг нь 11.5-14 хувийн хооронд байна гэсэн төсөөлөл гаргасан бол борлуулалт нь 26.5 тэрбум евро хүрнэ гэж үзжээ.