
“Toyota” компанийг удаан хугацаанд амжилттай удирдаж, өвөг эцгийнхээ бизнесийг дэлхийн автомашины зах зээлийн тэргүүлэгч болгосон Акио Тоёода компанийнхаа Гүйцэтгэх захирлын албан тушаалаас бууж, “Lexus”-ийн тэргүүнд шилжүүлэн өгөхөөр болжээ.
Өдгөө “Toyota”-ийн Брэндинг хариуцсан захирал, мөн тус компанийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Lexus”-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг Кожи Сато дөрөвдүгээр сарын нэгнээс шинэ албан тушаалаа хүлээн авах юм байна. Харин 2009 оноос хойш “Toyota”-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашсан Акио Тоёода компанийнхаа Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга болох аж.
“General Motors”, “Chrysler” компаниуд дампууралт ойртож, дэлхийн эдийн засгийн уналтаас болж эрэлт доод түвшинд хүрээд байсан хямралын цаг үед тэрбээр компанийг удирдах болсон юм. Түүний хийсэн эхний ажлуудын нэг нь Калифорни мужид “GM”-тэй хамтран эзэмшдэг байсан үйлдвэрээ “Tesla”-д багахан дүнгээр худалдсан явдал байв.
Акио Тоёодагийн удирдлага доорх дийлэнх хугацаанд “Toyota” компани дэлхийн хамгийн өндөр борлуулалттай авто үйлдвэрлэгч байсан боловч 2020 онд зах зээлийн үнэлгээгээрээ “Tesla”-д гүйцэгдсэн юм. Хэдийгээр “Toyota” 2030 он гэхэд цахилгаан автомашины 30 загвар гаргахаар 31 тэрбум ам.доллар төсөвлөөд байгаа ч Акио Тоёодагийн хувьд автомашины салбарын ирээдүйн төлөвт эсрэг байр суурь баримталдаг.
Хэрэглэгчид цахилгаан автомашин руу зарим компаниудын төсөөлж байгаа шиг хурдтайгаар шилжихэд бэлэн эсэхэд тэрбээр эргэлзэж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ хосолсон хөдөлгүүр болон устөрөгчийн хөдөлгүүрт автомашинд ихээхэн найдлага хүлээлгэсэн хэвээр байгаа нь хөрөнгө оруулагчид, шинжээчдийн шүүмжлэлд өртөх болжээ.
Түүнийг залгамжилж буй Кожи Сато нь өдгөө 53 настай бөгөөд 1992 онд Васэда их сургуулийг төгссөнийхөө дараа “Toyota”-д ажиллах болжээ. 2016 онд тэрбээр “Lexus”-ийн ахлах инженер, дараа жил нь Гүйцэтгэх захирал болон дэвшсэн юм. Түүнийг “Tesla”-аас байр сууриа буцаан авах, мөн цахилгаан автомашины шилжилтэд хугацаа их шаардагдах болохыг зохицуулагчдад итгүүлэх гэсэн хоёр том сорилт хүлээж байна.