
Ирэх онд хувьцаануудын ханш хоёр оронтой тоогоор өсөх ч сэргэлтийн шугам нь тийм ч шулуун байхгүйг дэлхийн хамгийн нөлөө бүхий хөрөнгө оруулагчид онцолж байна.
Инфляц оргил цэгтээ нэгэнт хүрсэн, мөн Холбооны Нөөцийн банк удалгүй мөнгөний чанга бодлогоо сулруулна гэсэн эерэг хүлээлт бий болоод буй энэ үед “Bloomberg News”-ийн судалгаанд хамрагдсан хөрөнгө оруулагчдын 71 хувь нь үнэт цаасны ханш өснө хэмээн хариулжээ.
Тус албан бус судалгааг 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын долооны хооронд “BlackRock”, “Goldman Sachs”, “Amundi” зэрэг томоохон хөрөнгө оруулагчдын байр суурийг төлөөлөх 134 сангийн менежерийн дунд явуулсан байна. Ингээд судалгааны үр дүнд гарсан зургаан гол санааг хүргэж байна.
Багахан өсөлт
Хөрөнгийн зах зээлд эерэг хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн хөрөнгө оруулагчид 2023 онд хувьцаануудын ханш дунджаар 10 хувиар өснө гэж үзжээ. Энэ нь “MSCI All-Country World Index”-ийн өмнөх сэргэлтүүдийн дундажтай ойролцоо тоо боловч 2009 болон 2019 онд үнэт цааснууд 30 болон 20 хувиар өсөж байсантай харьцуулахад бага байна.
Хамгийн том эрсдэлүүд
Судалгаагаар сэргэлтийг удаашруулах магадлалтай гэж үзсэн хамгийн том эрсдэлүүд нь зарим талаараа хоорондоо уялдаа холбоотой байна. Хөрөнгө оруулагчдын 48 хувийнх нь эрсдэлийн жагсаалтын эхэнд инфляцын өндөр түвшин орсон бол 45 хувь нь эдийн засгийн уналтыг хамгийн том эрсдэл гэж үзжээ.
Технологийн салбарын сэргэлт
Бодлогын хүүгийн өсөлтийн улмаас энэ оны турш уналттай байсан АНУ-ын технологийн хувьцаанууд мөн сэргэх төлөвтэй нь судалгааны үр дүнгээс харагджээ. Тэдний талаас илүү хувь нь ирэх онд технологийн компанийн хувьцаа худалдаж авна хэмээн хариулсан байна. Хэдийгээр сүүлийн үед ханш өсөлттэй байгаа ч компаниудын зах зээлийн үнэлгээ харьцангуй бага байгаа нь, мөн ирэх онд бондуудын өгөөж буурах төлөвтэй нь тэдний энэ шийдвэрт нөлөөлсөн аж.
БНХАУ-ын боломж
Хөрөнгө оруулагчдын 60 гаруй хувь нь COVID-19-ийг Үл тэвчих бодлогоосоо гарч буй БНХАУ-ын эдийн засагт эерэг хүлээлттэй байна. Оны эхэн үеийн уналтаас шалтгаалж БНХАУ-ын компаниудын үнэлгээ 20 жилийн дунджаасаа доошилсон нь АНУ, Европын компаниудтай харьцуулахад эрэлт нь илүү өсөхөд нөлөөлжээ.
Хурдасгуур
Инфляц болон эдийн засгийн өсөлтийн талаар эерэг мэдээ нь хувьцааны ханшийн өсөлтийн гол хурдасгуур болно гэдэгт судалгаанд оролцогчдын 70 хувь нь санал нэгдсэн байна. Ялангуяа БНХАУ-ын эдийн засаг бүрэн нээгдэх, Украины дайны галыг зогсоох нь өсөлтийн түлхэц болно хэмээн онцолжээ.
Эсрэг байр суурь
Сангийн менежерүүдийн нэгдсэн байр суурь нь “Wall Street”-ийн төсөөлөлтэй эсрэгцэж байна. “Bloomberg”-ээс стратегичдын дунд явуулсан судалгаагаар ирэх онд Европын хөрөнгийн зах зээл ердөө хоёр хувь, АНУ-ын зах зээл нэг хувиар өснө гэсэн төсөөлөл гарсан юм.
Төв банкнуудын мөнгөний чанга бодлого 2023 оны эхний хагаст дэлхийн эдийн засгийн өсөлтийн эрчийг сааруулахад голчлон нөлөөлнө гэж стратегчид үзжээ.