logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    2024 онд цэнэг хураагуурт ашиглагдах манганы хомсдол үүсэж болзошгүй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 04 16:00
    336
    Цахилгаан автомашины зах зээлийн эрэлт улам нэмэгдсэнээр цэвэр манганы нийлүүлэлт хомсдож, улмаар 18-24 сарын дараа манганы үнэ өсөж магадгүй байна

    Цэвэр манганы зах зээлд 2024 оноос хомсдол үүсэж магадгүй тухай салбарын эх сурвалжууд мэдээлснийг “Mining.com” онцоллоо.

    Ган үйлдвэрлэлд ашиглагддаг нэн чухал металл болох манган нь сүүлийн үед цэнэг хураагуурын зах зээлд томоохон байр суурь эзэлдэг болоод байна. Манганы сульфат нь цахилгаан автомашин болон цахилгаан хэрэгслийн цэнэг хураагуурын катодод тэнцвэржүүлэх үүрэгтэй гол орц болдог. 

    Автомашин үйлдвэрлэлдээ цэвэр манган ашиглахаар төлөвлөснөө зарласан компаниудын дунд “Volkswagen”, “Mercedes”, “Tesla”, “GM” гэсэн том компаниуд багтаж байна. Жишээлбэл: “GM”-ийн “Chevrolet Bolt” цахилгаан автомашинд 24 кг манган ашиглагдахаар байгаа аж.

    “Манганы талаар хэн ч ярихгүй байгаагийн шалтгаан бол энэ нь маш хямд үнэтэй, мөн хүмүүс үүнийг байдаг л нэг бодис гэж боддогт оршдог” хэмээн “CPM Group”-ийн зөвлөх Эндрю Земек онцолж байна.

    Сүүлийн хэдэн жилийн хугацаанд литийн үнэ тэнгэрт хадаж, тонн нь 80 мянган ам.доллар, мөн кобальт, зэс зэрэг бусад металлын үнэ тонн нь 8000 ам.доллар хүрсэн бол манганы сульфатын үнэ БНХАУ-ын зах зээлд тонн нь 1000 ам.доллар хүрэхгүй байгаа юм. Хэдий тийм боловч цахилгаан автомашины зах зээлийн эрэлт улам нэмэгдсэнээр цэвэр манганы нийлүүлэлт хомсдож, улмаар 18-24 сарын дараа манганы үнэ өсөж магадгүй байгааг шинжээчид онцолж байна. 

    Тухайн салбарын мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар 2027 онд манганы үнэ тонн нь 3300 ам.доллар болж нэмэгдэх төлөвтэй байгаа бол 2031 он гэхэд Европ, Хойд Америкт тонн нь 4000 ам.доллар хүрэх бөгөөд үүнд БНХАУ-аас тээвэрлэх өртөг болон “ногоон зорилт”-ууд ихээр нөлөөлөх аж. Мөн 2031 оноос Хойд Америкт жил бүр 200 гаруй кило тонн цэвэр манганы хэрэгцээ гарах төлөвтэй байна.

    Өдгөө цэвэр манганы сульфат боловсруулах хүчин чадлын 92 хувь нь БНХАУ-д ногдож байна. БНХАУ-аас өөр оронд ердөө хоёр үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэг нь Японд, нөгөө нь Бельгид байрладаг аж.

    Cэтгэгдэл бичих