
Зургийг: ОБЕГ
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Үндэсний аврах бригад болон Зэвсэгт хүчний жанжин штабын алба хаагчид Бүгд Найрамдах Турк Улс руу мордлоо. Мөн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материал, аврах багийн хэрэгсэл илгээсэн байна.
Газар хөдлөлтийн голомтод нурангиас иргэдийг эрэн хайх, аврах, эмнэлгийн яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэх ажиллагаанд онцгой байдлын байгууллагын 25, эрүүл мэндийн тусламж үзүүлэх Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Түүнчлэн аврагчдын багт эрэн хайхад бүрэн сургагдсан үнэрч хоёр нохой багтаж байгаа аж. Эрэн хайх, аврах багийнхан голомтод 14 хоног үүрэг гүйцэтгэнэ.
Хүчтэй газар хөдлөлт болж, гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн юм.
Монголд Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Бүгд Найрамдах Турк Улсад үүрэг гүйцэтгэх эрэн хайх, аврах бүлгийн багийн гишүүдтэй уулзаж “Хүлээн авагч улсын зохион байгуулагч талын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулахгүй, учирч болзошгүй эрсдэлийг сайтар тооцож, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллах”-ыг сануулаад “Олон улсын аврагчидтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэх”-ийг хүслээ.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан болон Арабын Бүгд Найрамдах Сири Улсын Ерөнхийлөгч Башар Аль-Ассадад эмгэнэл илэрхийллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Энэ хүнд цаг мөчид бид Туркийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байж, уй гашуу, гарз хохирлыг Бүгд Найрамдах Турк Улс бүх нийтийн хүчин чармайлтаар богино хугацаанд даван туулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье” гээд "Гамшгийн хохирлыг аль болох хурдан арилгаж, шархадсан хүмүүс хурдан эдгэрч, нүүн суурьшиж буй ард иргэд хэвийн амьдралдаа дариу эргэн ороосой хэмээн хүсэж байна" гэв.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопт эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр “Байгалийн гамшигт үзэгдэл болж буй энэ хүнд цаг мөчид бид Турк улсын ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаагаа илэрхийлэхийн ялдамд Бүгд Найрамдах Турк Улс энэхүү хохирол, сүйрлийг дэлхий нийтийн сайн санаат анд нөхдийн хамт даван туулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.