
Нэгдүгээр сарын наймны өдрөөс сүүлийн гурван жилийн хугацаанд хаалттай байсан Монгол Улс, БНХАУ-ын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээж байгааг Гадаад харилцааны яам мэдээллээ.
Үүнтэй холбоотойгоор хийсэн уулзалтын үеэр хилийн хяналт шалгалтын байгууллагууд Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор зорчигчдыг хил нэвтрүүлэх үйл ажиллагаанд онцгой анхаарч, БНХАУ-ын талтай орон нутгийн түвшинд идэвхтэй хамтран ажиллаж, хилийн боомтоор зорчигч нэвтрүүлэх үйл ажиллагааг цэгцтэй, түргэн шуурхай, олон нийтэд чирэгдэлгүй, ойлгомжтой байдлаар зохион байгуулахаар болжээ.
Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэд явахаасаа 48 цагийн өмнө өгсөн PCR шинжилгээний “Сөрөг” хариутай байх ёстой. Халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн болон PCR шинжилгээний хариу “Эерэг” гарвал хилээр нэвтрүүлэхгүй аж. “Коронавирус”-ийн халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд PCR шинжилгээ авах боловч тусгаарлах шийдвэр байхгүй гэдгийг Гадаад харилцааны яам тодотголоо.
Харин БНХАУ-д зорчоод буцаж ирэх Монгол Улсын иргэд эрүүл мэндийн асуумж бөглөөд хилээр нэвтрэх бөгөөд БНХАУ-ын иргэдэд зориулан гаргасан тусгай журам байхгүй юм байна.
“Коронавирус”-ийн мутацид орсон хувилбар орж ирж, дахин давлагаа гарсан тохиолдолд Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс тэр үед нь арга хэмжээ авч ажиллах аж.
Эхний ээлжид 300 зорчигчийг автобусаар хилээр нэвтрүүлнэ. Энэ тоог цаашид 500-1000 хүргэхээр тооцоолжээ. Эрээн хотод сүүлийн гурван жил иргэд зорчоогүй учраас гаднын иргэдийг хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдаагүй ч монгол иргэдийг хүлээн авах зочид буудлуудын үнийн саналыг ирүүлсэн байна.
Мөн ирэх ням гарагаас эхлэн найман хүнээс доош суудалтай, 20 автомашиныг хилээр нэвтрүүлнэ. Ингэхдээ тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг БНХАУ-ын талын түншээрээ дамжуулан тус улсын гаалийн байгууллагад урьдчилан бүртгүүлэх бөгөөд цаашид энэ тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Харин БНХАУ-ын талаас олон улсын тээврийн эрхтэй ачааны 30 автомашин Монголд орж ирэх боломжтой гэдгийг Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл мэдээллээ. Цаашид Улаанбаатар-Эрээний зорчигч тээврийн автобус явах төлөвтэй байгааг онцлов.
Үүнээс гадна нэгдүгээр сарын дундуур БНХАУ-ын талаас Хавирга-Архашаат боомтыг нээе гэсэн мэдээлэл өгөөд байгаа гэдгийг Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын хилийн хэлтсийн дарга Д.Болд мэдээлэв.
Түүнчлэн тэрбээр “БНХАУ руу агаарын хил нээгдээд хагас жил шахам болж байна. Одоогоор МИАТ ТӨХК болон болон "Air China" компани долоо хоногт 4-5 удаагийн нислэг үйлдэж байна. БНХАУ-ын талаас өгсөн албан ёсны мэдээллээр гадаадад суралцах, гэр бүл, төрөл садандаа зочлох зорилгоор зорчих Монгол Улсын иргэд 30 хоног визгүй нэвтэрнэ. Ингэж зорчихдоо буцах тийзээ заавал авсан байх шаардлагатай. БНХАУ “коронавирус”-ийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан аялал жуулчлал, эмчилгээний зорилгоор зорчих гадаадын иргэдийг нэвтрүүлэх боломжгүй гэсэн. Үүнд Монгол Улсын иргэд ч багтаж байгаа. COVID-19-ийн халдварын нөхцөл байдал хэвийн болсны дараа дээрх зорилгоор зорчих Монгол Улсын иргэдийг хүлээж авна гэдгээ БНХАУ-ын тал мэдэгдсэн" гэж мэдээллээ.