logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак эдийн засгийн төлөвлөгөөгөө хойшлуулах шийдвэр гаргав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 27 10:50
    178
    Английн Төв банк Засгийн газрынхаа эдийн засгийн хүрээнд ажиллах чиглэлийг мэдэхгүйгээр бодлогын хүүгийн шийдвэрээ гаргах хэрэгтэй болоод байна

    Их Британийн шинэ Ерөнхий сайд Риши Сунак ирэх даваа гарагт хийхээр төлөвлөж байсан эдийн засгийн стратегийн бодлогын талаарх мэдэгдлээ 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулжээ.

    Энэ талаар лхагва гарагт болсон Сайд нарын хурлыг тайлагнах үеэр Ерөнхий сайдын албаныхан мэдээлсэн байна. Мөн тус улсын Засгийн газраас "Дунд хугацааны төсвийн төлөвлөгөө" гэж нэрлээд байсан хөтөлбөрийнхөө нэршлийг "Намрын тайлан" болгон өөрчилжээ. Ингэснээр Английн Төв банк Засгийн газрын эдийн засгийн хүрээнд ажиллах чиглэлийг мэдэхгүйгээр бодлогын хүүгийн шийдвэрээ гаргах хэрэгтэй болж байна.

    Хэдий тийм боловч Сангийн сайд Жереми Хант сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Улс орны эдийн засгийн чиглэлийг тодорхойлох чухал шийдвэрийг гаргахад цаг хугацаа хэрэгтэй. Мөн төлөвлөгөөг хойшлуулах асуудлыг Төв банктай зөвшилцсөн" гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр "Цаг хугацааны шалгуурт тэнцэж чадах хүнд шийдвэрүүдийг гаргахад бидэнд хугацаа хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайдад зөвлөсөн. Ингэснээр бид иргэдийг моргейжийн зээлээ төлөх, ажлын байраа авч үлдэх, орой бүр ширээн дээрээ хоолтой байх нөхцөл боломжоор хангаж чадна" хэмээн нэмж өгүүлжээ.

    Риши Сунакийн хэлснээр "Энэхүү шинэ эдийн засгийн төлөвлөгөө нь төсвийн санхүүжилтийг тогтвортой эх үүсвэртэй болгох, дунд хугацаанд өр төлбөрийг бууруулах зорилготой бөгөөд төсвийн хариуцлагын албаны таамаглалд нийцсэн байх" юм байна. 

    Дээрх төлөвлөгөөг Их Британийн өмнөх Сангийн сайд Квази Квартенг өөрийн санаачилсан татварын хөнгөлөлтийн стратегийн улмаас зах зээлд үүсээд байсан тогтворгүй байдлыг арилгах зорилгоор анх танилцуулж байсан юм.

    Ерөнхий сайд Риши Сунакийн хувьд өөрийн Сайд нарын кабинетыг лхагва гарагт томилсон бөгөөд Сангийн яамны ажлыг тасалдуулахгүйн тулд өмнөх Засгийн газраас Жереми Хантыг албан тушаалд нь үлдээсэн юм. Мөн тэрбээр шинээр сонгогдсон Сайдуудтай лхагва гарагт анхны уулзалтаа хийсэн бөгөөд пүрэв гарагт Нийтийн танхимын хуралдаанд үг хэлэх ажээ.

    Cэтгэгдэл бичих