
Лхагва гарагт ОХУ-ын арми цөмийн цохилт хийх дадлага сургуулилалт зохион байгуулсан нь өдгөө ес дэх сардаа үргэлжилж буй Украины дайны нөхцөл байдал улам хурцдах эрсдэл нэмэгдэж буйтай давхацсан үйл явдал боллоо.
Сургуулилалтын талбайд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зочилж, үйл явцыг ажигласан байна. Тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Владимир Путинд хандан мэдэгдэхдээ “Сургуулилалтын зорилго нь ОХУ-ын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд “цөмийн асар том цохилтоор” хариу өгөх ажиллагааны дадлага болох”-ыг онцолжээ.
Сургуулилалтын хүрээнд ОХУ-ын Алс дорнодын бүс дэх Камчаткийн хязгаараас тив алгасах баллистик пуужин харван туршилт хийжээ. Түүнчлэн Баренцын тэнгисээс баллистик пуужин, стратегийн бөмбөгдөгч онгоцноос далавчит пуужин харваж туршсан байна.
Мягмар гарагт ОХУ “Гром” буюу “Аянга” нэртэй энэхүү сургуулилалтынхаа тухай АНУ-д урьдчилан мэдэгдсэн аж. Мөн энэ нь жил бүр тогтмол зохион байгуулдаг сургуулилалт болохыг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт цөмийн болон цацраг идэвхт зэвсгийн хэрэглээтэй холбоотойгоор ОХУ-д сануулга өгсөн байна. “Энэ талаар би өнөөдөр удаан ярилцсан. ОХУ тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх нь ноцтой алдаа болно гэдгийг хэлмээр байна” хэмээн тэрбээр өгүүлжээ.
Одоогоор ОХУ-ын эрх баригчид цөмийн зэвсэг ашиглах төлөвлөгөөгүй байгаагаа илэрхийлж буй. Харин Украиныг цацраг идэвхт бодисын агууламжтай “бохир бөмбөг” хэрэглэхээр төлөвлөж байгаа хэмээн буруутгасан бөгөөд Өрнөдийн орнууд тэдний энэ мэдэгдлийг эрс няцаасан юм.
ОХУ хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сард буюу Украин руу халдан довтлохоосоо өмнө цөмийн дайны сургуулилалт зохион байгуулаад байсан. Тухайн үеийн сургуулилалтаар мөн адил шумбагч хөлөг, бөмбөгдөгч онгоц, пуужингуудыг ашиглаж байжээ.