
Цар тахлын улмаас хаагдаад байсан Замын-Үүд-Эрээн чиглэлийн төмөр замын зорчигч тээврийг сэргээх бэлтгэл ажлыг бүрэн хангаж, нээхээр болсныг Гадаад харилцааны яам мэдээллээ.
Түүнчлэн БНХАУ-ын тал Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээхэд бэлэн болсноо мэдэгджээ. Наймдугаар сарын 25-ны өдрөөс зорчигч тээврийг эхлүүлэх болон бусад асуудлыг хоёр талын орон нутгийн Төр захиргааны байгууллага хооронд тохиролцох саналыг БНХАУ-ын тал хүргүүлсэн байна.
Мөн Монголын талаас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хил нэвтрэлтийг үргэлжлүүлэн сайжруулах, боомтыг аюулгүй, жигд хэвийн ажиллуулах нөхцөлөөр хангахыг хүсжээ.
Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд зогсоод байсан Замын-Үүд-Эрээний авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сараас нээсэн бөгөөд Монголын талаас автобусаар өдөрт 300 хүн хилээр нэвтрэх журам үйлчилж байсан юм.
Үүнээс гадна Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын хуралдаанаар Замын-Үүд-Эрээн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох үнэлгээг энэ онд хийх, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулахыг Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон Хөх хотын гаалийн газар, ӨМӨЗО-ы шалган нэвтрүүлэх Ерөнхий боомтод даалгасан байна. Талууд туршилтын ажлыг яаралтай явуулан бүрэн дүүрэн үнэлгээ хийсний дараа албажуулахаар тохиролцжээ.
Наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар БНХАУ-Европ чиглэлийн ачааны 2006 галт тэрэг Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтэрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеээс 33.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Тус боомтоор ХБНГУ, Польш зэрэг 10 гаруй улсын 60 гаруй бүс нутгийн нийт 69 чиглэлийн галт тэрэг дайран өнгөрдөг байна.