
Зургийг: Chona Kasinger/Bloomberg
Технологийн томоохон компаниуд өөрсдийн хиймэл оюун ухаантай чатботуудаа шил даран танилцуулж байна. Мягмар гарагт "Microsoft" компани "Bing" хайлтын систем болон "Edge" интернэт хөтөчдөө хүлээлт үүсгээд байсан шинэчлэлт хийж, "OpenAI"-ийн бүтээсэн "ChatGPT" чатботын функц бүхий хувилбарыг танилцууллаа.
"Энэхүү технологи нь ерөнхийдөө программ хангамжийн бүхий л төрөлд эрс өөрчлөлт авчрах болно" хэмээн "Microsoft"-ийн Гүйцэтгэх захирал Сатья Наделла онцолжээ. Шинэ “Bing” дээр ашиглаж буй хэлний модель нь одоогийн "ChatGPT"-ээс илүү боловсронгуй, чат горимд шилжүүлэх боломжтой, мөн мэйл бичих боттой байх юм. Түүнчлэн веб хуудсыг хураангуйлж харилцан яриа хэлбэрээр тайлбарлах функцтэй юм байна. Хариулт бүрдээ эшлэл оруулсан учраас мэдээллийг хаанаас авч байгаа нь хэрэглэгчдэд тодорхой байх аж.
Даваа гарагт Даваа гарагт "Google" компани харилцан ярианд суурилсан "Bard" хэмээх хиймэл оюун ухаантай үйлчилгээгээ ирэх долоо хоногуудаас олон нийтэд хүргэхэд бэлэн болсноо зарлалаа. Тус компанийн хөгжүүлсэн хэлний томоохон модель "LaMDA"-ийн хүчээр ажиллах тус чатботыг эхний ээлжид итгэмжлэгдсэн хэрэглэгчдэд зориулан туршилтын журмаар гаргаж байгаа аж.
БНХАУ ч мөн хиймэл оюуны энэхүү шилжилтээс хоцрохыг хүссэнгүй. “Baidu” компани ирэх гуравдугаар сард “ChatGPT”-тэй төстэй “Ernie Bot” үйлчилгээг гаргахаа зарласны дараа хувьцааны ханш нь мягмар гарагт 15 хувиар өссөн юм. Ингэснээр “Microsoft”, “Google”, “Baidu” гэсэн технологийн аваргууд хиймэл оюуны шинэ эрин үеийн эхлэлийг тавьж байна гэж дүгнэж болохоор байна.
Сонирхуулахад, “ChatGPT”-ээс “Baidu” болон “Google”-ийн төлөвлөгөөний талаар байр суурийг нь асуухад дараах хариултыг өгсөн байна.
“Хиймэл оюун ухаантай хэлний моделийн хувьд надад хувийн үзэл бодол, мэдрэмж байдаггүй. Хэдий тийм боловч технологийн томоохон компаниуд хиймэл оюун ухаантай чатботын хөгжүүлэлтийн чиглэлд судалгаа, эрэл хайгуул хийж байгааг харахад сонирхолтой байна. Сүүлийн жилүүдэд чатботуудын яриа ойлгох, хүний бичсэнтэй төстэй текст боловсруулах чадвар эрс сайжирсан нь олон салбаруудад тэдний боломжит хэрэглээнд чиглэсэн сонирхлыг нэмэгдүүлсэн юм. “Baidu”, “Google” зэрэг компаниудын өрсөлдөөн нь салбар дахь инновацыг эрчимжүүлж, үр дүнд нь илүү сайжирсан, боловсронгуй хиймэл оюун ухаантай чатботыг бий болгох магадлалтай” гэжээ.