
Украин дахь дайн сунжрахын хэрээр ОХУ-ын эдийн засгийн тогтворгүй байдал нэмэгдэж байгаа учраас БНСУ-ын "Kia" компани тус улсын зах зээлээс гарч магадгүй болохоо мэдэгдсэн байна.
"ОХУ-ын эдийн засгийн тогтворгүй байдал дараа жил хүртэл үргэлжилсээр байвал бидний борлуулалтад сөргөөр нөлөөлнө. Магадгүй автомашины зах зээл тэр аяараа зогсонги байдалд орохыг үгүйсгэхгүй. Ийм зүйл тохиолдвол ОХУ-ын зах зээлд автомашин оруулж ирэх нь бараг боломжгүй болох бөгөөд бидний зүгээс зөвхөн засвар сэлбэгийн үйлчилгээ санал болгох боломжтой" хэмээн мягмар гарагт тус компанийн дэд Ерөнхийлөгч У Жон Жү онцолсон байна.
Есдүгээр сараар эцэслэгдсэн санхүүгийн жилд "Kia" компанийн ОХУ дахь борлуулалт өмнөх оны мөн үеэс 65 хувиар буурч, ердөө 57 мянган автомашин нийлүүлсэн үзүүлэлттэй гарчээ. Харьцуулбал тайлант хугацаанд тус компанийн олон улс дахь борлуулалт 4.1 хувиар буурсан байна.
"Kia" компани ОХУ-ын Санкт-Петербург хотод өөрсдийн толгой компани болох "Hyundai Motor"-ийн эзэмшдэг үйлдвэрт автомашинаа үйлдвэрлэдэг аж. Энэхүү үйлдвэр нь жилд 200 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай, 2200 гаруй ажилтантай гэж “Hyundai Motor"-ийн вэбсайтад танилцуулжээ.
Өнгөрсөн мягмар гарагт “Kia” компани III улирлын үйл ажиллагааны орлогын тайлангаа олон нийтэд танилцуулсан бөгөөд үр дүн нь шинжээчдийн таамаглаж байсан түвшнээс доогуур байсан юм. Энэ үеэр тус компани Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын зах зээлийг орхиж буй автомашин үйлдвэрлэгчдийн жагсаалтад нэгдэж магадгүй гэдгээ мэдэгджээ.
"Kia"-аас гадна Япон улсын автомашин үйлдвэрлэгч “Mazda Motor” болон “Toyota Motor” компаниуд ОХУ-д автомашин үйлдвэрлэлээ зогсооно гэж мэдэгдээд байгаа юм.
Өнгөрсөн жилийн байдлаар ОХУ-ын автомашины зах зээлийн 12 хувийг “Kia”-ийн автомашинууд эзэлж байсан нь ОХУ-ын “Автоваз” компанийн дараа орох үзүүлэлт боллоо. Харин толгой компани "Hyundai Motor"-ийн хувьд зах зээлийн 11 хувийг эзэлснээр гуравдугаарт бичигдэж байжээ.