
250 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй, БНСУ-ын тэргүүлэх компани “Samsung Electronics”-ийн удирдлага солигдож, таамаглалын дагуу компанийн өв залгамжлагч И Жэ Ён Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга боллоо. Нийлүүлэлтийн сүлжээний доголдол болон геополитикийн зөрчил чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг тус компанийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж буй цаг үетэй дээрх үйл явдал давхцаж байна.
Пүрэв гарагт тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд өдгөө 54 настай И Жэ Ёныг даргаараа сонгосон байна. 2020 онд эцэг нь нас барсны дараа тэрбээр энэхүү албан тушаалд очих нь ойлгомжтой болоод байсан ч авлигын хэрэгт холбогдож, хоёр ч удаа шоронгийн хаалга татсаны улмаас томилгоо нь хойшлогдсоор өдий хүрсэн юм.
Үүнээс гадна “Samsung Electronics” компани III улирлын орлогын тайлангаа танилцууллаа. Чип үйлдвэрлэлийнх нь ашиг 14 хувиар буурсантай холбоотойгоор тайлант хугацаанд тус компанийн борлуулалт төсөөллөөс доогуур үзүүлэлттэй гарсан байна. VII-IX сарын хооронд “Samsung Electronics”-ийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн орлого 23 их наяд вон буюу 16.1 тэрбум ам.доллар хүрсэн нь “Bloomberg”-ийн тооцоолол болох 35 их наяд воноос хол дутсан үзүүлэлт боллоо. Харин цэвэр ашиг нь 9.1 их наяд вон байгаа нь мөн л шинжээчдийн таамгаас доогуур үзүүлэлт болсон байна.
Орлого нь эрс буурсны улмаас “SK Hynix”, “Micron” зэрэг санах ойн чип үйлдвэрлэлийн томоохон компаниуд хөрөнгийн зарцуулалт болон үйлдвэрлэлийн гарцаа бууруулах шийдвэр гаргажээ. Харин “Samsung Electronics” эсрэгээрээ чипийн зарцуулалтаа нэмэгдүүлж, өнгөрсөн онд 43.6 их наяд вон байсныг 2022 онд 47.7 их наяд вон болгоод байгаа юм.
“Samsung Electronics”-ийн шинэ удирдлага И Жэ Ён нь 1991 онд анх тус компанийн бүрэлдэхүүнд нэгдэж, 2012 онд ТУЗ-ийн Дэд даргаар томилогдож байжээ. Тэрбээр “Samsung Electronics”-ийн 1.63 хувийг, группийн холдинг компани болох “Samsung C&T Corp”-ийн 18.13 хувийг эзэмшдэг бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ нь 5.9 тэрбум ам.доллар хэмээн “Bloomberg” тооцоолжээ.