
ОХУ өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэснээ тунхаглаад буй Украины дөрвөн мужийн хоёрынх нь хил хязгаар хаанаас эхэлж, хаана дуусаж буйг Кремлийн эрх баригчид мэдэхгүй хэвээр байна.
“Херсон, Запорожье мужуудын хилийн шугамыг тогтоохдоо тухайн нутгийн иргэдтэй зөвшилцөж байж шийднэ. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт өгүүлжээ. Түүнчлэн шинэ бүрэлдэхүүн хэсгийн хилийн шугамыг тогтоохдоо тусдаа хууль батлах эсэх тухай асуултад тэрбээр дэлгэрэнгүй хариулт өгөхөөс мөн татгалзсан байна.
Энэ нь тус улс одоогоор хэсэгчлэн хяналтдаа аваад буй Украины бүс нутгийг бүрэлдэхүүндээ яаран нэгтгэсний дараа үүссэн тодорхойгүй байдлыг улам нэмж байгаа юм. Баасан гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дээрх дөрвөн муж “Үүрд ОХУ-ын бүрэлдэхүүн” болсныг мэдэгдсэн ч тэдгээрийн хилийн шугамыг яг хаагуур татах тухай Кремлиэс тодорхой мэдээлээгүй аж.
“Эдгээр бүс нутгийг бүрэн хяналтдаа авч чадаагүй байгаа нь ОХУ-д асуудал болж байна. Хилийн баганыг өдөр бүр зөөж шилжүүлээд байх боломжгүй. Газрын зураг дээр ОХУ-ын хил хязгаарыг хэрхэн зурах нь тодорхойгүй болно гэсэн үг” хэмээн Москва дахь Улс төрийн технологийн төвийн Орлогч захирал Алексей Макаркин онцоллоо.
Үүнтэй зэрэгцэн Украины армийн сөрөг давшилт амжилттай үргэлжилж, даваа гарагт Херсон мужийн чиглэлд ОХУ-ын фронтын шугамыг нэвтэлсэн тухай мэдээ ирээд байна. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Донецк муж дахь тээвэрлэлтийн гол зангилаа болсон Лиман хотыг чөлөөлсөн юм.