
"Meta Platforms" компанийн эзэмшдэг "Instagram" платформын сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо хоёр тэрбум хүрлээ. Ингэснээр 2.96 тэрбум хэрэглэгчтэй "Facebook"-ийн хэрэглэгчийн тоотой ойртож ирсэн байна.
Олон нийтийн сүлжээний томоохон тоглогчдын нэг "Instagram"-ийн зүгээс сүүлийн үед үйл ажиллагаандаа шинэчлэл хийсээр байгаа юм. Хэдийгээр хэрэглэгчдийн тоо нь өссөн ч зар сурталчилгааны зах зээлийн удаашралаас үүдэн тус компанийн орлого III улиралд төлөвлөж байсан хэмжээндээ хүрээгүй байна. Үүнтэй холбоотойгоор лхагва гарагт тайлангаа танилцуулсан даруйд хувьцааны ханш нь бага зэрэг унажээ.
Мөн харилцааны аппликейшн "WhatsApp"-ийг өдөр бүр хоёр тэрбум гаруй хүн хэрэглэж байгаа гэж "Meta Platforms" мэдэгджээ. Тус компанийн эзэмшдэг бүх аппликейшнүүдийг дэлхий даяар сард 3.71 тэрбум хүн хэрэглэдэг байна.
2018 оны зургаадугаар сард "Instagram"-ийн сарын хэрэглэгчдийн тоо нэг тэрбум давсныг зарлаж байсан юм. Түүний дараахан тус компанийг одоогийн "Meta" буюу тухайн үеийн "Facebook" худалдан авч томоохон өөрчлөлтүүдийг хийсэн юм. Тухайлбал: хэрэглэгчдэд зөвхөн тэдний дагаж буй хүмүүсийн постуудыг харуулдаг загварыг өөрчилж, тусгай алгоритмээр сонгогдсон контентыг тухайн хүний сонирхож магадгүй чиглэлийнх нь дагуу санал болгодог болжээ. Мөн тэд "TikTok"-той төстэй богино хэмжээний видео бичлэгийн "Reels" үйлчилгээ нэвтрүүлснээр бусад төрлийн видео форматуудаас илүү их амжилт олсон байна.
"Meta Platforms"-ийн хувьд хэрэглэгчид "Facebook" болон "Instagram"-ийг ашиглахдаа илүү олон цаг зарцуулж, өдөр тутамдаа хэрэглэх нь юу юунаас илүү чухал болоод байна. Эдгээр аппликейшнүүд дээр байрлуулсан зар сурталчилгаанаас тус компани орлогынхоо дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Сүүлийн үед эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжилж байгаатай холбоотойгоор компаниуд дижитал зар сурталчилгаанд мөнгө зарцуулах нь буураад байгаа юм.