
2022 онд "БиДиСек ҮЦК" ХК 3.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласныг тайлагналаа. Тайлант хугацаанд брокер дилерийн үйл ажиллагааны орлого өмнөх оноос бараг тал хувиар, андеррайтингийн үйл ажиллагааны орлого 14 хувиар буурсантай зэрэгцээд ажиллагааны зардал өссөн нь ашигт үзүүлэлт буурахад нөлөөлсөн байна.
Тухайлбал: санхүүгийн зардал нь өнгөрсөн онд 1.2 тэрбум төгрөг дөхөж, өмнөх оноос бараг гурав дахин өссөний зэрэгцээ 2022 онд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 20 гаруй хувиар суларсны улмаас гадаад валютын ханшийн зөрүүний алдагдал 3.2 тэрбум төгрөг болсон нь компанийн үйл ажиллагааны зардал өсөхөд гол жин даржээ.
Гадаад болон дотоод нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгийн зах зээлд эрсдэл нэмэгдэж, хөрөнгө оруулагчид эрсдэл багатай, өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах хандлага харьцангуй өндөр байгаатай зэрэгцээд компани биржийн бус зах зээлд хэд хэдэн хаалттай бонд санал болгож буйг "БиДиСек ҮЦК" үйл ажиллагааны тайландаа мэдээлж байсан юм.