
Криптовалют арилжааны сангуудаас гарах мөнгөний урсгал гуравдугаар эрс саарсан үзүүлэлттэй байгаа нь зах зээл уналттай үед хөрөнгө оруулагчид эрсдэл өндөртэй энэхүү хөрөнгийн хэлбэрийг орхиж эхэлсний дохио болж байна.
Сүүлийн гурван сарын хугацаанд хөрөнгө оруулагчид биржээр арилжаалагддаг криптовалютын сангуудаас нийт 17.6 сая ам.доллар татан авсныг “Bloomberg Intelligence” тооцоолжээ. Энэ оны II улиралд тэдгээр сангуудаас 683.4 сая ам.долларын зарлага гарч байсантай харьцуулахад энэ нь маш бага тоо юм.
Хэдий тийм боловч тухайн улиралд криптовалютын үнэ огцом унасан нь татан авалт дээд цэгтээ хүрэхэд нөлөөлсөн байна. Зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийн хамгийн том дижитал хөрөнгөд тооцогддог “Bitcoin”-ийн ханш II улиралд бараг 60 хувиар унаж, 17 мянга 785 ам.доллар хүрч байсан бол III улиралд 3.7 хувиар сэргэжээ.
Мөнгөний гарах урсгал ийнхүү татарсан нь криптовалютын ханшийн хэлбэлзэл буурсан үетэй мөн давхцаж байгаа юм. Жишээлбэл: баасан гарагийн байдлаар “Bitcoin”-ийн ханш 19 мянга 400 ам.доллар буюу улирлын эхэн үеийн ханшаас төдийлөн өөрчлөгдөөгүй байгаа аж.
Харин долоодугаар сард хөрөнгө оруулагчид биржээр арилжаалагддаг криптовалютын сангуудад 200 гаруй сая ам.доллар төвлөрүүлжээ.
Инфляцын өсөлтийг сааруулахын тулд Төв банкнууд бодлогын хүүгээ нэмж буйтай зэрэгцэн сүүлийн хэдэн сард дэлхийн зах зээлүүд уналттай байгаа юм. Ингэснээр эдийн засгийн уналт нүүрлэх айдас бий болсон нь ялангуяа криптовалют зэрэг эрсдэлтэй хөрөнгийн зах зээлд томоохон цохилт болжээ.