logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    БНХАУ-ын эрчим хүчний хямрал Гималайн нурууг давж магадгүй
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 11 11:11
    356
    Ган гачгаас болж БНХАУ-ын Хөх мөрний сав газар дагуу цахилгаан тасалдах болсон нь Азийн хэмжээнд усан цахилгаан станцын төслүүдийг зогсоох эрсдэлтэй байна.

    Хэрэв та байгалийн хүчийг тогтоон барьж, цэвэр эрчим хүчийг асар их хэмжээгээр үйлдвэрлэх хүн төрөлхтний хүч чадлын хамгийн тод жишээг хайж байгаа бол Гурван Хавцлын Даланг анзааралгүй өнгөрөөх боломжгүй. 

    БНХАУ-ын сэргэлт эрс эрчимжиж байсан 2000-аад онд баригдсан дэлхийд хамгийн томд тооцогдох энэхүү цахилгаан станц нь 22.5 гигаватт буюу 20 атомын цахилгаан станцтай тэнцэхүйц эрчим хүч үйлдвэрлэх чадалтай. Хөх мөрөн дээр байрлах усан сангийнх нь дээд урсгал дагуу дэлхийд хэмжээгээрээ тэргүүлэх 6 генераторын хоёр нь оршдог. Эдгээр нь нийлээд Польш улсыг бүтнээр нь хангах хэмжээний эрчим хүч гаргадаг. 

    Иймд Гурван Хавцлын ойр орчимд үүсээд буй асуудлууд БНХАУ-ын хөгжлийн замыг дагаж буй Азийн бусад эдийн засгуудад анхааруулга болж байгаа юм. Хөх мөрөнд 1960-аад оны эхэн үеэс хойш тохиолдоогүй их ган гачгийн улмаас тус станцын өдөрт үйлдвэрлэх хүчин чадлын хэмжээ нь 51 хувиар буураад байна. Энэ ган гачиг нь дэлхий даяар үргэлжилж буй хуурайшилтын нэг хэсэг бөгөөд ойрын жишээ гэвэл Рейн мөрний хөлөг онгоцны хөдөлгөөн үүний улмаас зогссон. 

    Эрчим хүчний энэ хомсдол үйлдвэрүүдийг хаалгаа барихад хүргэв. Мөн огцом нэмэгдсэн агааржуулагчийн эрэлт эрчим хүчний тавны дөрөв нь далангуудаас хамааралтай байдаг хөдөө орон нутаг дахь цахилгааны хязгаарлалттай зэрэгцжээ. 

    Төвөдийн өндөрлөгөөс эх авдаг Хөх мөрөн болон түүний цутгал голуудын эрчим хүчний нөөц нь Ази тивийн ирээдүйтэй салшгүй холбоотой. Гималайн мөсөн голууд, тэгш өндөрлөгийн цасан бүрхүүлээс тэжээгддэг их мөрнүүдийн ай сав дахь орнуудад хүн төрөлхтний бараг тэн хагас нь амьдарч байна. Дулаарах тусам тэрхүү хатуу төлөв дэх усны нөөц хэрхэн өөрчлөгдөх эсэх дээр маргаан их өрнөдөг. Гэвч хур тунадасны хэмжээнд өөрчлөлт гарахад урсгал дагуух томоохон далангуудын эрчим хүч үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлдгийг энэ жил баруун өмнөд Хятадын Сычуаньд болсон дээрх үйл явдал харууллаа. 

    Ирэх арван жилд хэрэгжүүлэх цэвэр эрчим хүчний томоохон төслүүдийг дээрх гол мөрнүүд хангах учраас энэ их чухал. БНХАУ-ын хувьд одоо байгаа усан цахилгаан станцуудынхаа ачаар олон жилийн турш шинээр станц барих шаардлагагүй бол Энэтхэг улс 29 гигаватт, хөрш Пакистан, Балба, Бутан нь нэмээд 13 гигаватт эрчим хүч үйлдвэрлэх шаардлагатай байна. Мөн Төвөдийн өндөрлөгөөс эх авдаг Мекон мөрнөөс ихээхэн хамааралтай Вьетнам, Лаос улсын есөн гигаватт үүн дээр нэмэгдэхийг Олон улсын эрчим хүчний агентлагаас мэдээлжээ.

    Гараг эрхсийн тооцоолшгүй хүчинд найддаг сэргээгдэх эрчим хүч нь шатах түлшний түүхий эдийн найдвартай нийлүүлэлтийн хэлхээтэй харьцуулбал үйлдвэрлэлийн гарц, хүчин чадал нь хэлбэлзэлтэй байдаг тул байнга асуудал дагуулдаг. Харин усан цахилгаан станцыг тэрхүү сөрөг нөлөөнөөс ангид гэж үздэг байв. Далангийн усан сан нь эрчим хүч хадгалах аварга батарейнаас өөрцгүй тул ирээдүйн дурын нэгэн өдөр үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээг нь тогтооход хялбар. Ялангуяа шахуургатай станц нь далангийн хоёр өөр түвшний хооронд усаа шилжүүлж чаддаг тул товчлуур дараад л хүчин чадлыг нь нэмэх боломжтой.

    Гэтэл Хөх мөрний ган гачиг дээрх ойлголтыг уур амьсгал хэрхэн эвдэж болдгийг харууллаа. 

    Нарны цахилгаан станцын хувьд хүчин чадлын хэлбэлзэл нь нар мандах, жаргах цагаас хамаардаг бөгөөд цэнэг хураагуурт үд дунд хамгийн ихээр хуримтлагдсан эрчим хүчийг оройн оргил цаг руу шилжүүлэн ашиглах замаар хялбар тогтворжуулж болдог. Харин салхин сэнсний хүчин чадлын хэмжээ тухайн өдрөөсөө хамаарна. Германчуудын "dunkelflaute" гэж нэрлэдэг үзэгдэл нь долоо хоногийн хэсэг өдрүүдэд цаг агаар ер бусын тайван, үүлэрхэг байхыг хэлдэг бөгөөд эдгээр өдрүүдэд салхин сэнс болон нарны хавтангууд ч тааруухан хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг байна. Одоогоор ийм нөхцөл байдал үүсвэл бусад бүсээс цахилгаан импортлох, эсвэл шатах түлшний хэрэглээг нэмэх арга хэмжээг авдаг ч цахилгаан бүрэн тасрах нь ховор.

    Харамсалтай нь усан цахилгаан станц нь бүтэн улирлын турш хангалтгүй ажиллах “онцгой чадвар”-тай аж. 2016 онд БНХАУ-ын цахилгаан сүлжээний 18 хувийг усны эрчим хүчнээс бүрдүүлж байсан нь том асуудал. Энэ оны байдлаар БНХАУ-ын салхин цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн хамгийн их болон бага хүчин чадлын зөрүү сарын дундаж үйлдвэрлэлийнх нь 38 хувьтай тэнцэж байсан бол нарны болон атомын цахилгаан станцын хувьд энэ үзүүлэлт 13 хувь дээр байв. Харин усан цахилгаан станцуудын хэлбэлзэл нь 58 хувьтай тэнцжээ.

    Энэхүү хомсдолыг нөхөхөд шаардагдах нөөцийн хэмжээ асар их. Тус улс 2019 оны мөн үетэй харьцуулбал энэ жил хагас тэрбум гаруй тонноор илүү хэмжээний нүүрс олборлоод байна. Энэ нь АНУ-ын нүүрсний жилийн хэрэглээтэй тэнцэхүйц боловч хомсдолыг нөхөхөд хангалттай бус аж.

    Нүүрстөрөгчийн ашиглалт багатай эдгээр цахилгаан станцуудыг хөгжүүлэх нь үргэлж сайшаалтай ч заримдаа хэтрэх нь бий. Жишээлбэл Пакистан улс халуун бөгөөд хуурай нутаг дэвсгэртэй ч хур бороо их шаарддаг усны эрчим хүчийг төлөвлөж буй цахилгаан сүлжээнийхээ гол эх үүсвэр болгожээ. 2030 он гэхэд тус улс нийт цахилгаан үйлдвэрлэлдээ усны эрчим хүчний эзлэх хувийг 31-ээс 50 хувь болгох ч нарны болон салхины эрчим хүчийг гурван хувиас ердөө 10 хувь болон нэмэх аж.

    Энэ нь хохирол нэлээн өндөртэй алдаа байж болох юм. Эрчим хүч үйлдвэрлэлийг төрөлжүүлээгүйн улмаас яаралтай үед гадаадаас эрчим хүч импортлохоос өөр аргагүй болно. Ган гачиг ирээдүйд дахин нүүрлэх нь зайлшгүй тул өнгөрсөн жил Египетэд болсон үйл явдал шиг хүнсний импортыг үнийг өсгөж, төлбөрийн тэнцлийн үзүүлэлтийг муутгах  ч эрсдэлтэй. 2020 оноос хойш БНХАУ-д нүүрлэсэн шиг хуурайшилт давтагдвал валютын хямрал бий болгож, ОУВС-д хандахад хүргэх эрсдэл Пакистаны хувьд бий болохоор байна.

    Хөгжиж буй орнуудад эрчим хүчийг нүүрстөрөгчийн ялгаруулалт багатайгаар, мөн бага өртгөөр их хэмжээгээр үйлдвэрлэх хамгийн ирээдүйтэй арга зам нь усан цахилгаан станц хэвээр байна. Гэхдээ үүнийг эцсийн шийдэл гэж харах хэрэггүй. Сэргээгдэх эрчим хүчний технологийн цогц шийдлийг ашиглахгүйгээр Азийн хөгжиж буй орнууд хөгжилд хөтлөх эрчим хүчээ авч чадахааргүй байна. 

    Дэвид Фиклинг

    Cэтгэгдэл бичих