
Зургийг: С.Батсайхан
Санхүүгийн зохицуулах хороо Улаанбаатар хотын бонд гаргах зөвшөөрөл олголоо. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль зэрэг хууль, тогтоомж, журамд нийцүүлэн 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван сая ширхэг бондыг нийтэд санал болгохоор төлөвлөөд байгаа юм. Тав хүртэлх жилийн хугацаатай энэхүү бонд нь Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх зорилготой аж.
Татан төвлөрүүлсэн хөрөнгийг нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг стратегийн томоохон ач холбогдолтой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Тухайлбал: нийслэлийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжиж буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээг дуусгахад 45.8 тэрбум төгрөг зарцуулах аж. Мөн 14.4 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто зам, замын байгууламжийн сүлжээг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах бол нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад 177.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Харин Сэлбэ, Дунд голын дагуу үерийн гамшгаас сэргийлж, далан байгуулах, Улаанбаатар хотын авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажилд 150 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгийн мэдээлснээр “Нийслэлийн бонд нь Монгол Улсын анхны орон нутгийн бонд бөгөөд хөгжлийн тодорхой хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүднээс нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд бонд гаргаж, зах зээлд санал болгож” байгаа аж.
Улаанбаатар бондын андеррайтераар “БиДиСЕК ҮЦК” ХК ажиллаж байна.