
“Twitter” компани тэрбумтан Илон Маскийн удирдлагад орсон хоёр дахь ажлын долоо хоногоо зарим төлөвлөөгүй өөрчлөлтүүдээр эхлүүлж байна. Ажилтнуудынхаа талыг цомхотгож, хүлээх алдагдал нь нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор тус компани сүүлд гаргасан зарим шийдвэрээ эргэн харахаар болжээ.
Сошиал сүлжээний томоохон компани өнгөрсөн баасан гарагт ойролцоогоор 3700 ажилтнаа үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан юм. Хэдий тийм боловч тун удалгүй олон зуун ажилтантайгаа эргэн холбогдож, системийн алдаа гарсны улмаас тэднийг цомхотголд хамруулсан болохоо мэдэгдсэн байна. Мөн Илон Маскийн санаачилсан хэрэглэгчийн хаягийг төлбөртэй баталгаажуулах үйлчилгээг АНУ-ын завсрын сонгуулийн үеэр будилаан үүсэхээс сэргийлэн лхагва гараг хүртэл хойшлуулжээ. Илон Маск болон түүний чинээлэг хамтрагчдын 44 тэрбум ам.доллароор худалдан авсан тус компани өдөр тутамд дөрвөн сая ам.долларын алдагдалтай ажиллаж байгаа гэж мэдэгдсэн байна.
"Twitter"-ийн ажилтнуудын хувьд компанийн и-мэйл хаяг болон “Slack” программ руу нэвтрэх эрх нь хаагдсанаар өөрсдийгөө ажилгүй болсныг мэдэж байсан байна. Харин зарим ажилтнуудыг эргэн ажилдаа орохыг хүссэн явдал нь цомхотголыг хэт яаруу, төлөвлөгөөгүй хийснийг илтгэж байгаа юм.
Тус компанийн зарим салбарууд бусдаасаа илүүтэйгээр боловсон хүчний хомсдолд ороод байна. БНЭУ дахь “Twitter” компанийн салбарт өнгөрсөн амралтын өдрүүдэд 90 хувийн цомхотгол хийгдсэн бөгөөд ингэснээр инженерийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний хэлтсийн ажилтнуудын тоо эрс буурчээ.
Үүнээс гадна “Metaverse” төсөлдөө оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг нөхөхийн тулд “Meta Platforms” компани энэ долоо хоногт мөн томоохон цомхотгол хийх талаар мэдэгдэж магадгүй хэмээн “Wall Street Journal”-аас мэдээлсэн байна. Тус сэтгүүлд бичсэнээр “Facebook”-ийн толгой компани энэ лхагва гарагаас эхлэн олон мянган ажилтнаа цомхотгох төлөвлөгөөтэй байгаа аж.