
Лондон хотын Вестминстерийн сүмд түүнийг эцсийн замд нь үдэх бөгөөд тухайн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон байна.
Харин түүний хүү Чарльз бямба гарагт албан ёсоор Их Британийн хаанд өргөмжлөгдлөө. 1952 оноос хойш анх удаа зохион байгуулагдсан Хаан ширээ залгамжлуулах ёслолоор тэрбээр III Чарльз Хаан болж байна. Өдгөө 73 настай Чарльз ээжээсээ өвлөн авсан үүрэг хариуцлагыг гүн гүнзгий ухамсарлаж, Төрийн тэргүүний хувьд үлдсэн амьдралаа тэрхүү үйл хэргийг хүндлэн дээдлэхэд зориулах болно хэмээн мэдэгджээ.
Чарльз ийнхүү Хаан болсноор түүний Уэльсийн хунтайж буюу Хаан ширээний тэргүүн залгамжлагчид өгдөг цол ууган хүү Уильямд нь шилжиж буй. Мөн Диана гүнжийн үхлээс хойш анх удаа Уэльсийн тэргүүн гүнж цолыг Уильямын гэргий Кэйт авч байгаа аж.
Уурын тэрэгний үеэс ухаалаг гар утасны эрин хүртэл Их Британийн Хаант Төрийг барьсан Хатан хаан II Элизабетийн Төр барих хугацаанд нийгэм, улс төр, технологийн урьд байгаагүй олон олон өөрчлөлт гарсан юм. Түүнийг анх Хаан ширээ залгамжлах үед ёслолын ажиллагааг телевизээр дамжуулах эсэх дээр хүртэл маргаан өрнөж байв. Харин насан эцэслэхийнхээ өмнөхөн тэрбээр "Twitter"-т тавигдах хошин зохиомж бичүүлсэн нь дээрх өөрчлөлтийг гэрчилнэ.
Нэгэн цагт дэлхийд ноёлж асан агуу Британийн эзэнт гүрний төгсгөлийг, мөн Их Британи Европын Холбооноос гарсан дуулиант цаг үеийг тэрбээр Төрийн тэргүүний хувиар үзэж туулсан билээ. Тиймдээ ч Элизабет 1837-1901 онд Их Британийг захирсан Викториа Хатан хааныг гүйцэж, улсынхаа түүхэнд хамгийн удаан хугацаанд хаан ширээнд суусан язгууртан болсон юм.
Элизабет Александра Мэри Виндзор Лондон хотноо 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд мэндэлжээ. 10 настай байхад нь түүний авга ах VIII Эдвардыг Хаан ширээнээс нь буулгасан тул Төрийн эрх гэнэтийн байдлаар түүний эцэг VI Жоржид шилжсэн юм. Ийнхүү Элизабет Хаан ширээ залгамжлах ууган охин болжээ.
1947 онд тэрбээр Грекийн хунтайж Филипптэй гэрлэж, дараа жил нь тэдний хүү Чарльз мэндэлсэн бол 1952 онд VI Жорж хаан нас барснаар Элизабет 25 насандаа Хатан хаан болсон байна. XX зууны сүүлийн хагас дахь улс төр, соёлын эрчимтэй хувьслын дунд Британийн нийгэмд Хаант Төрийн эзлэх байр суурь эрс өөрчлөгдсөн түүхтэй. Түүний хаанчлалын эцсийн жилүүдэд Шотландын тусгаар тогтнох оролдлого, BREXIT-ээс шалтгаалсан Хойд Ирландын зөрчил зэрэг дотоодын улс төрийн хурцадмал байдал дахин бий болсон юм.
Хэдийгээр Засгийн газрын үйл хэрэгт түүний албан оролцоо байхгүй ч Хатан хаан долоо хоног бүр Ерөнхий сайдтай яриа өрнүүлдэг байсан бөгөөд тэрбээр 70 жил Төрд зүтгэхдээ 15 Ерөнхий сайдтай хамтран ажиллажээ.
II Элизабетийн хаанчлал дор хүчин зүтгэсэн 12 дахь Ерөнхий сайд болох Дэвид Кэмерон тэрхүү уулзалтыг “Хатан хааны мэдлэг, хүлээсэн үүрэг хариуцлага, цаг хугацааны шалгуурыг давсан мэргэн ухаан”-аас суралцах боломж хэмээн үнэлж байв. “Сэтгэл хөдлөл төдийхнөөс цаадахыг харж, юу хамгийн чухал болохыг тодорхойлох жинхэнэ англи ухааныг би Хатан хаанаас хангалттай суралцдаг” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.