
Зургийг: Juan Mabromata/AFP/Getty Images
Хоёрдугаар сард Аргентин улсын хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 102.5 хувиар өссөн нь 1991 онд тус улсын эдийн засаг 3000 хувийн гиперинфляцаас сэргэж байсан үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Аргентины Засгийн газраас мягмар гарагт гаргасан тайланд дурдсанаар хэрэглээний үнэ өмнөх сараас 6.6 хувиар өссөн нь “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон бүх эдийн засагчдын төсөөллөөс давсны зэрэгцээ тэдний медиан төсөөлөл болох зургаан хувийн өсөлтөөс мөн илүү гарчээ. Тус улсын хэрэглээний сагсны хамгийн том төрөл болох хүнсний үнэ өмнөх сараас 10 орчим хувиар өссөн нь ерөнхий инфляц эрчимжихэд голлон нөлөөлсөн бөгөөд тэр дундаа аргентинчуудын үндэсний бахархал болсон үхрийн махны үнэ Буэнос-Айресийн бүсэд сарын дүнгээр 35 хүртэлх хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Энэхүү мэдээлэл нь энэ онд уналтад орох тооцоололтой байгаа Аргентины эдийн засагт учирсан хүндрэлийг улам нэмж байна.
Үүнээс гадна ирэх аравдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болох тул хямралд өртөмтгий эдийн засгаа тогтворжуулж чадаагүй эрх баригч хоёр намын эвслийн хувьд сонгогчдын итгэлийг хадгалахад томоохон сорилт учрах төлөвтэй байна.
Судалгаанаас үзвэл сонгогчдын гол анхаарал инфляцын түвшинд чиглэж байгаа бөгөөд сүүлийн хоёр жилийн эдийн засгийн өсөлт, ажилгүйдлийн бууралт зэрэг эерэг үзүүлэлтүүд тэдний сонголтод төдийлөн нөлөөлөхөөргүй байгаа аж.