
Зургийг: Зургийг: Gabby Jones/Bloomberg
Стриминг үйлчилгээний томоохон компани "Netflix" хоёр дахь жилдээ дараалан базаахгүй үзүүлэлтээр 2023 оныг эхлүүлсэн юм. Энэ оны эхний улиралд тус платформд шинээр бүртгүүлэгчдийн тоо 1.75 сая байсан нь шинжээчдийн өмнөх төсөөлөл 2.41 саяас хол зөржээ.
Түүнчлэн II улиралд борлуулалт, ашгийн хэмжээ нь хөрөнгө оруулагчдын төсөөллөөс бага байх төлөвтэй байгааг тус компани мэдэгдсэний зэрэгцээ хэрэглэгчид нууц үгээ хуваалцахыг зогсоох төлөвлөгөөгөө АНУ-д хойшлуулахаар болсон байна.
Тайлан нь гарсны дараа "Netflix"-ийн хувьцааны ханш 12 хүртэлх хувиар унасан ч эргэн сэргэжээ.
Одоогоор 100 сая гаруй хүн стриминг үйлчилгээг нь ямар нэгэн төлбөр төлөлгүйгээр ашиглаж байна гэж “Netflix” тооцоолсон байна. Тус компани энэ оны эхний улирлаас эхлэн АНУ-д хэрэглэгчдийг нууц үгээ бусадтай хуваалцахыг хязгаарлахаар төлөвлөж байсан ч энэхүү арга хэмжээг ирэх саруудад хэрэгжүүлэхээр хойшлуулсан юм.
Хэрэглэгчдийг нууц үгээ хуваалцахыг хязгаарласнаас “Netflix” компанийн Канад улс дахь төлбөртэй хэрэглэгчдийн тоо өсөөд байгаа аж. “Netflix” мягмар гарагт тус компанийн анхны бизнес болох 25 жилийн настай DVD хүргэлтийн үйлчилгээгээ албан ёсоор зогсоосон байна.
“Netflix” хөрөнгө оруулагчдыг стриминг үйлчилгээний шинэ хэрэглэгчдийн тооноос илүүтэйгээр борлуулалт, ашиг зэрэг уламжлалт санхүүгийн хэмжигдэхүүнд анхаарлаа хандуулахыг уриалж байгаа аж. Энэ оны эхний улиралд тус компанийн цэвэр ашиг 1.31 тэрбум ам.доллар давжээ.