
Дижитал хөрөнгийн уналтын улмаас дэлхийн крипто зах зээлийн үнэлгээнээс хоёр их наяд ам.доллар арчигдаад байгааг шинжээчид, хэвлэлүүд ихээр онцолж байна. Үүнээс ч дутахгүй анхаарал татах нэгэн үзүүлэлт байгаа нь сүүлийн нэг жилийн хугацаанд 12 мянга 100 токен арилжаанд ороогүй явдал юм.
Өөрөөр хэлбэл ийм хэмжээний токен устаж алга болоогүй ч “Zombie” шиг идэвхгүй хэлбэрт шилжээд байгааг крипто мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг “Nomics”-ийн тайлангаас харж болохоор байна. Нэг сарын турш арилжаалагдаагүй токенууд “Zombie” ангилалд шилждэг бөгөөд энэ онд ийм токенуудын тоо өмнөх онуудын дүнг нийлүүлснээс хоёр дахин нэмэгдээд байгаа аж.
Ихэнх блокчейн төслүүд нь хэрэглэгчдэд урамшуулал өгөх, хөгжүүлэгчдэд ажлын хөлс олгох зорилго бүхий тусгай дижитал койнуудад зориулан бүтээгдсэн байдаг. Өнгөрсөн онд криптогийн үнэ өсөхөд мянга мянган крипто стартапууд шинэ токен гаргасан нь тухайн үед өсөлтийн өөдрөг төсөөлөл бүхий зах зээл тэдний олонхыг “шингээж”, үнийг өндөр түвшинд хадгална гэсэн хүлээлт үүсээд байсантай холбоотой юм байна.
Хэдий тийм боловч энэ онд бүх зүйл өөрөөр эргэж, макро эдийн засгийн нөхцөл байдал хөрөнгө оруулагчдыг эрсдэлтэй хөрөнгөөс зайлсхийхэд хүргэснээр токений үнэ ёроолдоо хүрсэн юм. Үүн дээр нэмэгдээд “Terra” блокчейнтэй холбоотой дуулиан, “Three Arrows Capital” хедж сан болон “Celsius Network” зэрэг крипто фирмүүдийн дампуурал нь зарах хөдөлгөөнийг улам нэмж, венчур хөрөнгө оруулалтыг бууруулжээ. Улмаар “Bitcoin”, “Ether” зэрэг хамгийн том токенуудын ханш огцом унаад буцан сэргэсэн билээ.
“2021 оны "Бух" зах зээлийн үед шинэ эсвэл өмнө байсан төслүүдийг дэмжих хөрөнгө, анхаарал, уян хатан байдал хангалттай байсан. Харин одоо үргэлжилж буй "Баавгай" зах зээлийн хэчнээн сайн төсөл байсан ч капитал, санхүүжилт авч чадахгүй байгаа болохоор үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад хүндрэл учирч байна” хэмээн “CryptoCompare”-ийн судлаач, шинжээч Жэйкоб Жозеф онцолж байна.