
Виртуал хөрөнгийн дэлхийн хамгийн том бирж “Binance”-ийн Гүйцэтгэх захирал Жао Чанпен компанийнхаа эзэмшдэг бүх “FTT” токеныг зарахаар шийдсэнээ “Twitter” дээр мэдэгджээ.
“FTT” нь тэдний гол өрсөлдөгч, тэрбумтан Сэм Бэнкман-Фридийн удирддаг “FTX” биржийн гаргадаг койн юм. “Binance” нь “FTX”-ийн цөөн хувийг эзэмшдэг байсан ч өнгөрсөн онд хувьцаагаа худалдаж, 2.1 тэрбум ам.долларыг өөрийн “Binance USD” койн болон “FTT” койн хэлбэрээр хүлээн авсан байна.
Сүүлийн байдлаар тус компани одоогийн ханшаар 539 сая ам.доллартой тэнцэх 23 сая “FTT” койн эзэмшиж байгаагаа мэдээлсэн аж. Харин ням гарагт Жао Чанпен “Сүүлд ил болсон мэдээлэл дээр үндэслэн” үлдсэн бүх койноо худалдахаар шийдсэнээ зарлажээ. Хэдий тийм боловч тэрхүү мэдээлэл нь юуны тухай болохыг тэрбээр дэлгэрэнгүй тайлбарлаагүй байна. “Зах зээлийн одоогийн нөхцөл байдал, хөрвөх чадвар хязгаарлагдмал байгаагаас үүдэн бүх койн зарагдах хүртэл хэдэн сарын хугацаа шаардагдана гэж харж байна” хэмээн тэрбээр нэмж хэллээ.
“CoinMarketCap”-ийн мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд “FTT”-ийн ханш долоон хувиар унаж, 23.06 ам.доллар болсон байна.