
“Toyota Motor” компани аравдугаар сард 771 мянга 382 нэгж автомашин үйлдвэрлэсэн нь өмнөх сараас (887 мянга 733) буурсан үзүүлэлт болсныг мэдээлсэн бөгөөд цар тахал, хагас дамжуулагчийн хомсдолтой холбоотойгоор цаашдын төсөөлөл тодорхойгүй байгааг мөн анхааруулжээ.
Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэг болох тус компанийн үйлдвэрлэлийн гарц аравдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс буюу Зүүн өмнөд Азид COVID-19-ийн тархалт нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулаад байсан үеэс 23 хувиар өссөн байна. Дэлхий даяарх нийлүүлэлтийн хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеэс мөн адил 23 хувиар өсөж, 832 мянга 373 нэгж автомашинд хүрчээ.
Харин “Toyota Motor”-ийн охин компаниуд нь болох “Daihatsu”, “Hino”-ийн үзүүлэлтийг нэмж тооцвол гарц нь 924 мянга, борлуулалт нь 918 мянган нэгжид хүрч байгааг мэдээллээ.
Одоогоор “Toyota Motor” цар тахлын хязгаарлалтын улмаас удаашраад буй БНХАУ дахь үйлдвэрлэлдээ зохицуулалт хийхэд анхаарч байгаа аж. Өнгөрсөн сарын эхээр тус компани гуравдугаар сараар эцэслэгдэх санхүүгийн жилийн олон улс борлуулалтын зорилтоо багасгасан байна.
Харин “Nissan Motor” компанийн нийт үйлдвэрлэлийн гарц өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар буурч, 297 мянга 801 нэгж автомашин болсон нь сүүлийн дөрвөн сард анх удаа буурсан үзүүлэлтэд тооцогдож байна.