
Зургийг: frc.mn
Хас банк болон Худалдаа Хөгжлийн банкны нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэснээ Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Ингэснээр системийн нөлөө бүхий нийт таван банк банкны тухай хууль тогтоомжид заасан хугацаанд нээлттэй хувьцаат компани болох нөхцөл бүрдэж байгааг онцолж байна.
Сүүлийн байдлаар Худалдаа хөгжлийн банк болон “Скай хайпермаркет” ХХК хамтран “E-Mart” дэлгүүрт “We ChatPay”-ээр төлбөр хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлж, санамж бичигт гарын үсэг зурснаа мэдээлэв.
Үүнээс гадна энэ долоо хоногийн сүүлийн арилжааг гол индексүүд холимог дүр зурагтай хаалаа. Топ-20 индекс 0.11 хувиар өсөж, 37 мянга 383 нэгж боллоо. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 8.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Баасан гарагт нийт 248.6 сая төгрөгийн үнийн дүнгээр 946 мянган ширхэг үнэт цаас арилжаалагдлаа.
“Газар шим үйлдвэр” ХК-ийн 245 мянган ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхгээр, “ХААН банк” ХК-ийн хувьцаа 139.8 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр идэвхтэй байлаа.
Харин “Тулпар” ХК-ийн хувьцаа 14 хувиар буюу хамгийн өндөр дүнгээр өссөн бол “Монинжбар” ХК-ийн нэгж хувьцааны ханш 13 хувиар буурсан байна.
Үүнээс гадна “Талх чихэр” ХК ногдол ашигт нэгж хувьцаанд 350 төгрөг хуваарилахаар болсноо Монголын Хөрөнгийн биржид мэдээллээ. Мөн “Юнимакс”, “Юнилайн” нарийн боовны шугамын үйл ажиллагааг зогсоохоор хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийдвэрлэсэн байна. Цаашид нарийн боовны зах зээлийн хадгалж үлдэхийн тулд хөрөнгө оруулалт хийх, менежментийн үйл ажиллагааг авч явах чадамжтай компанитай гэрээгээр хамтран ажиллахаар зорьж буйг онцоллоо.