
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Хуульд цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зардал тогтоосон зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байхыг заасан юм. Харин нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох зэрэг нийт 13 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг УИХ мэдээлэв.
Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслийн талаарх 10 дахь зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон төслийн I зүйлийн 30 дахь заалт буюу 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсгээр байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлж, томьёолох шаардлагатай гэж үзсэн байна. Үүнийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан дэгийн дагуу Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Дэлхий нийтийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн зорилтод жендерийн тэгш байдлыг хангахад анхаарал хандуулж байна. 40-160 сая эмэгтэйчүүдийн ажлын нөхцөл байдал өөрчлөгдөж, эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олноороо ажиллана гэсэн судалгаа байна. Ардчилал, хүний эрхийн тухай ойлголт бол ерөөс жендерийн тэгш байдлыг хангах тухай юм” гэж онцоллоо.
Харин УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Хүйсийн ялгаваргүй хөгжих боломжийг бүрдүүлэхэд энэ удаагийн УИХ шинэчлэл хийгээсэй гэж хүсэж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Т.Доржханд “Эмэгтэйчүүд Парламентад олон байх нь төсвийн сахилга бат сайжрах, ардчиллын хөгжилд чухал ахиц дэвшил гарна” гэсэн юм.
Үүнээс гадна Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Төслийн эцсийн хувилбараар 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлогыг 20 их наяд 781.9 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.5 хувь, нийт зарлагыг 22 их наяд 371.4 тэрбум төгрөг дотоодын нийт бүтээгдэхүүний 37.2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг нэг их наяд 589.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцсон талаар танилцуулав.