
Крипто зах зээлийн уналт шинээр санхүүжилт татахаар төлөвлөж байгаа тус салбарын стартап компаниудад томоохон цохилт болоод байна.
Виртуал хөрөнгийн арилжааны платформын үйл ажиллагаа явуулдаг "Amber Group" зах зээлийн үнэлгээгээ гурван тэрбум ам.доллар хүргэх зорилгоор 100 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлэхээр ажиллаж байгаа эх сурвалжууд мэдээлжээ. Сингапурт төвтэй тус компани өнгөрсөн хоёрдугаар сард 200 сая ам.долларын хөрөнгө босгох үед зах зээлийн үнэлгээ нь одоогийн түвшинд байсан юм.
"Amber Group" энэ оны II улиралд зах зээлийн үнэлгээгээ илүү их түвшинд нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан ч крипто валютын ханш унаснаар одоогийн зорилтот үнэлгээ дээрээ тогтжээ.
Тус компани ойрын хугацаанд 1-2 удаа санхүүжилт татахаар төлөвлөсөн бөгөөд хөрөнгө оруулагчид өнөөгийн эдийн засгийн нөхцөлд их хэмжээгээр худалдан авалт хийхээс татгалзаж байгаа тул ийнхүү шат дараатайгаар хөрөнгө оруулалт авахаар болсон хэмээн тайлбарлаж байна.
Бусад крипто болон технологийн компаниудын нэгэн адил “Amber Group” ч гэсэн томоохон хэмжээний цомхотгол хийгээд байгаа аж. Есдүгээр сард тус компани ажилтнуудынхаа 10 хувийг цомхотгосон талаар “Bloomberg News” мэдээлж байсан юм. Өнгөрсөн оны крипто зах зээлийн өсөлтийн үеэр тус компани 900 гаруй ажилтантай болж өргөжөөд байжээ.