
12 дугаар сарын 14-нд АНУ-ын Холбооны Нөөцийн банкны мөнгөний бодлогын шийдвэр гарах хүртэл ямар стратеги баримтлах талд жижиг хөрөнгө оруулагчид болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдын байр суурь эсрэгцэж байна.
“Bloomberg”-ээс явуулсан “MLIV Pulse” судалгаанд жижиг хөрөнгө оруулагчдын 37 хувь нь бодлогын хүүгийн шийдвэрээс өмнө АНУ-ын компаниудын хувьцааг эзэмших нь шилдэг арилжаа гэж үзсэн бол мэргэжлийн хөрөнгө оруулагчдын 40 хувь нь богино хугацааны хөрөнгө оруулалт хамгийн зөв алхам болно гэж үзжээ.
“Энэ оны ихэнх хугацаанд жижиг хөрөнгө оруулагчид, мэргэжлийн хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын байгууллагууд хооронд хуваагдал үүсээд байсан. Ерөнхийдөө мэргэжлийн хөрөнгө оруулагчид “баавгай” буюу уналттай зах зээлийн хүлээлттэй байсан бол байгууллагуудын хувьд байр суурь илэрхийлэхээс илүү өөрсдийн хувьцааг сурталчлах хандлагатай байсан” хэмээн “B. Riley Wealth” компанийн зах зээлийн ахлах стратегич Арт Хоган өгүүлжээ.
Харин “Mapsignals” компанийн хөрөнгө оруулалтын стратегич Алек Янг энэ талд жижиг хөрөнгө оруулагчдын зөв байх магадлалтай гэж үзсэн бөгөөд “Баавгай зах зээлийн төгсгөлд болгоомжлол ихээр нэмэгддэг. Хэдий тийм боловч ерөнхийд нь авч үзвэл инфляц оргилдоо хүрсний дараах 12 сард зах зээлийн өсөлт сайн байдаг” гэжээ.
Инфляцыг хазаарлах зорилтынхоо хүрээнд АНУ-ын Холбооны Нөөцийн банк ирэх хурлаараа бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөж, 4.5 хувьд хүргэх төлөвтэй байна. Судалгаанд оролцогчдын 31 хувь нь Төв банкны шийдвэр хөрөнгийн зах зээлд ашигтай тусна гэж үзжээ.