
Виртуал хөрөнгийн “FTX” биржийн хамтран үүсгэн байгуулагч Сэм Бэнкман-Фрид даваа гарагт Бахамын аралд баривчлагджээ. АНУ-ын Засгийн газраас Сэм Бэнкман-Фрид нь “FTX” биржийн дуулиант дампуурлаас өмнө үйлчлүүлэгчдийн хөрөнгийг буруугаар ашигласан байж болзошгүй хэмээн үзсэн тул түүнд хэрэг үүсгэн шалгаж эхлээд байсан юм.
Одоогоор Сэм Бэнкман-Фридийг АНУ-д шилжүүлэн өгөх үйл явц шийдэгдэх хүртэл цагдан хорьж байгааг Бахамын арлуудын Ерөнхий прокурор Райан Пайндер мэдэгдсэн байна.
Манхэттэний прокурорууд түүнд үүсгэсэн хэргийг энэ мягмар гарагт ил болгох бөгөөд тухайн үед илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болохыг мэдээлжээ. Үүнээс гадна АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос Сэм Бэнкман-Фрид нь Үнэт цаасны тухай хуулийг зөрчсөн эсэхтэй холбоотой иргэний хэрэг үүсгэх зөвшөөрлийг тусад нь олгосон байна. Харин Цагаан ордноос энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Сэм Бэнкман-Фрид нь АНУ-аас гадна “FTX”-ийн төв байр оршдог Бахамын арлуудад хууль зөрчсөн байж болох хэд хэдэн үндэслэлээр шалгагдаж байсан аж. Ялангуяа Сэм Бэнкман-Фрид биржийн үйлчлүүлэгчдийн хөрөнгийг өөрийн байгуулсан арилжааны компани болох “Alameda Research”-д зээлдүүлсэн байж болзошгүй гэсэн дүгнэлт нь тэдгээрээс хамгийн чухалд тооцогдохоор байна.
“FTX” биржтэй хамаарал бүхий 100 гаруй хуулийн этгээд 11 дүгээр сарын 11-ний өдөр дампуурлын хамгаалалтад орсон юм. Тус бирж төлбөрийн чадваргүй болсны дараа Сэм Бэнкман-Фрид менежментийн томоохон алдаанууд гаргаснаа хүлээн зөвшөөрсөн боловч залилан гэх мэт хууль зөрчих үйлдэл хэзээ ч гаргаж байгаагүйгээ илэрхийлж байв.
Үүнээс гадна “FTX”-ийн дампууралтай холбоотойгоор “Bitcoin”-ийн ханш он дуустал сэргэхээргүй байгааг “FalconX” компанийн шинжээч Аяа Канторович онцолжээ. Энэ он гарсаар 63 хувиар унаад буй “Bitcoin”-ийн ханш даваа гарагт 1.4 хувиар унаж, 16 мянга 882 ам.долларт арилжааг хаасан байна.
“FTX”-тэй холбоотой асуудал нь олон сарын турш тасралтгүй буурсан койнуудын ханш болон хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байгааг мөн шинжээчид тодотгож байна.