logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    2023 он SUV ангиллын цахилгаан автомашины жил болно
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 05 14:30
    528
    Ирэх 12 сарын хугацаанд АНУ-ын зах зээлд 20 гаруй шинэ загварын цахилгаан автомашин гарах товтой байгаагаас дийлэнх нь SUV ангилалд багтаж байна

    Цахилгаан автомашины хувьслын түүхэнд 2022 он том оврын жийпнүүд, пикапууд олноор гарснаараа онцлог болж үлдсэн бол 2023 он өдөр тутмын болон гэр бүлийн хэрэгцээнд тохирох SUV автомашины жил болох төлөвтэй байна.

    Шинэ загварууд

    Дараагийн 12 сарын хугацаанд АНУ-ын зах зээлд 20 гаруй шинэ загварын цахилгаан автомашин гарах товтой байгаагаас дийлэнх нь SUV ангилалд багтаж байна. Тухайлбал: "Nissan Motor"-ийн удаан хүлээлгэсэн "Ariya" 43 мянган ам.долларын үнэтэйгээр хэдхэн хоногийн өмнө худалдаанд гарсан бол "Chevrolet"-ийн "Blazer", "Equinox" автомашинууд тун удахгүй 45 мянга гаруй ам.долларын үнэтэйгээр зарагдаж эхлэх юм. Мөн АНУ-ын зах зээлд шинээр нэвтэрсэн Вьетнамын "Vinfast"-ийн "VF8" 40 мянга 700 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарахыг мэдээлээд байна.

    $100 мянгаас дээш үнэтэй загварууд мөн хоцрохгүй

    Зургаан оронтой тоогоор үнэлэгдэх SUV  ангиллын хэд хэдэн шинэ загвар танилцуулагдах хүлээлттэй байгаагаас “GMC”-ийн цахилгаан хөдөлгүүртэй “Hummer EV”, мөн “Lexus”-ийн анхны цахилгаан автомашин болох “RZ”, “Hyundai” компанийн “GV70” загварууд анхаарал татаж байна. Тансаг зэрэглэлд хамаарах цахилгаан автомашинуудын оргилд “Mercedes-Benz”-ийн “EQE” болон “EQS” байгаа юм. Үүгээр зогсохгүй “Volvo” ч том оврын цахилгаан автомашинаа танилцуулах яриа гарч байна.

    Үйлдвэрлэлийн асуудлууд бүрэн арилахгүй

    Сонголт нэмэгдэхийн хэрээр энэ онд өөрт тохирох автомашинаа сонгоход хэцүү байх ч тэр автомашинаа худалдаж авахад бүр хэцүү байдаг дүр зураг үргэлжлэх төлөвтэй. Нийлүүлэлт хумигдмал, үнэ өндөр хэвээр үлдэхээс гадна томоохон авто үйлдвэрлэгчид уламжлалт дотоод шаталтат хөдөлгүүртэй загваруудынхаа борлуулалтыг мартахгүй нь мэдээж. Гэтэл стартап компаниудад их хэмжээгээр үйлдвэрлэх хүчин чадал дутмаг хэвээр байгаа юм.

    Тухайлбал: “Rivian” компани өнгөрсөн онд ердөө 25 мянган нэгж автомашин үйлдвэрлэсэн нь нийт авсан захиалгаас нь дөрөв дахин бага тоо аж. 2023 онд дэлхийн хэмжээнд жолооч нар 10 сая буюу нийт зах зээлийн 14 хувийг эзлэх хэмжээний цахилгаан автомашин шинээр худалдаж авна хэмээн “S&P Global Mobility” тооцоолжээ.

    Cэтгэгдэл бичих