logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Монгол Улсад 30 хүртэлх хоногийн хугацаатай жуулчлах 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөллөө
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 05 16:00
    381
    Монгол Улсын Засгийн газар 2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, тус салбарын орлогыг 1.2 тэрбум ам.доллар хүргэхийг зорьж байна

    Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаад байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногийн хугацаатай ирэх 34 улсын иргэдийг гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөхөөр боллоо. Үүнд өндөр хөгжилтэй Европын 32 улс болон Австрали, Шинэ Зеланд улсын иргэд хамаарч байгаа юм. Мөн 2021 оны аравдугаар сард нэвтрүүлсэн www.evisa.mn системээр Монгол Улсын визийг цахимаар авч буй улсууд багтаж байна.

    Визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд ач холбогдолтой ажээ.

    Энэ онд БНХАУ хилээ нээснээс гадна өнгөрсөн оноос аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд 90 хүртэл хоногийн хугацаанд жуулчлах зорилгоор зорчих БНСУ-ын иргэдийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөхөөр болсон юм. Энэ нь  Монгол Улсад ирэх жуулчдын тоо нэмэгдэхэд нөлөөлнө гэж үзэж байна.

    Түүнчлэн БНХАУ-д COVID-19-ийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь аялал жуулчлалын салбарт томоохон сорилт болж буй ч ирэх ням гарагаас эхлэн сүүлийн гурван жилийн хугацаанд хаалттай байсан Монгол Улс, БНХАУ-ын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээж байгаа юм.

    Урьдчилсан байдлаар 2022 онд Монгол Улс 300 мянга гаруй жуулчин хүлээн авсныг Байгаль орчин, Аялал жуулчлалын яам мэдэгдээд байна. Энэ нь 2021 оныхоос 10 дахин өссөн үзүүлэлт хэдий ч 2004 оны түвшинтэй ойролцоо дүн юм.

    Цар тахлын дараа авсан арга хэмжээнүүдийн үр дүнд өнгөрсөн онд улсын хил хаалттай байсан ч  төлөвлөгөө нь 100 хувь биелсэн гэж салбарынхан үзэж байгаа аж. Үүнд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас цар тахлын дараа байгалийн онгон төрхөөрөө байгаа зэлүүд газарт аялж хүчилтөрөгч авахыг зөвлөсөн, Монгол Улсын Засгийн газраас БНСУ-ын жуулчдыг визийн шаардлагаас  чөлөөлсөн, агаарын тээврийн өртгийг бууруулсан нь голлон нөлөөлжээ.

    Монгол Улсын аялал жуулчлалын салбар 2019 онд хамгийн их буюу 577 мянган гадаадын жуулчин хүлээн авч, тус салбараас 607 сая ам.долларын орлого олж, тухайн жилдээ дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4 хувийг эзэлж байсан бол 2020 онд 58 мянга, 2021 онд 33 мянган жуулчин хүлээн авсан нь тус салбарт төдийгүй Монгол Улсын эдийн засагт хүндрэл үүсгэсэн юм.

    Тиймээс Засгийн газар цар тахлын дараах үед аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээж, 2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, тус салбарын орлогыг 1.2 тэрбум ам.доллар буюу 4.2 их наяд төгрөг хүргэн дотоодын нийт бүтээгдэхүүний 11.5 хувь, 2024 онд 16 хувьд хүргэхэд чиглэн үйл ажиллагаагаа явуулахыг зорьж байна. 

    Аялал жуулчлалыг хөгжүүлэх талд олон талаас анхаарч байгаа бөгөөд энэ хүрээнд 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт  дэвшүүлж, аялж, амрах таатай нөхцөл бололцоог бүрдүүлэхээр олон шат дараатай үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал: Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн, эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын нислэг, төмөр замын рейсийн болон улс хооронд зорчих автобусны тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна.  Мөн улсын тусгай хамгаалалтад байдаг газруудаа зөв зохистой хэрэглэх нөхцөл бүрдүүлснээр Монгол Улсад ирэх жуулчдын тоо өснө гэх тооцооллын дагуу ажиллаж байгааг салбарын яам онцолж байна.

    Үүнээс гадна "Монголд зочлох жил"-ийн хүрээнд “Шинэ жилээр Монголд” жуулчдын хөтөлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 25-наас нэгдүгээр сарын 10-ны хооронд нийслэлд хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрт дэлгүүр, худалдааны төвүүд, урлаг, соёлын зэрэг үйлчилгээний олон байгууллагууд хөнгөлөлт, урамшуулал зарлан хамрагдаж байгаа аж. 

    Cэтгэгдэл бичих