
"Rivian Automotive" компани "Mercedes-Benz"-тэй хамтран Европт цахилгаан хөдөлгүүр бүхий бүхээгт автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөгөө цуцалжээ.
Өнгөрсөн есдүгээр сард байгуулсан үйлдвэрлэлийн болон технологийн зардлыг хуваан гаргах хамтын ойлголцлын санамж бичгийг биелүүлэх боломжгүй болсноо "Rivian Automotive" даваа гарагт мэдэгдсэн байна.
Харин “Mercedes-Benz” Польш дахь хамтарсан үйлдвэрийн зориулалтаар ашиглахаар төлөвлөж байсан үйлдвэртээ 2025 онд худалдаанд гаргах дунд болон том оврын бүхээгт автомашинуудыг үйлдвэрлэнэ гэж бие даасан мэдэгдэлдээ дурджээ.
Шинэ зах зээлд өөрийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх боломжтой хэлцлээс татгалзсан явдал нь "Rivian Automotive" компанид цахилгаан автомашины үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгчийн төлөө “Tesla”-тай өрсөлдөх амбиц байхгүй байгааг илтгэж байна.
Өнгөрсөн онд АНУ-ын Хөрөнгийн бирж дэх томоохон IPO-нуудын нэгийг хийгээд байсан тус компани энэ онд нийлүүлэлтийн сүлжээний тасалдлын улмаас үйлдвэрийн хүчин чадлынхаа тал хувийг л ашиглажээ.
Үүнээс гадна тус компани дотооддоо цомхотгол хийсний зэрэгцээ хэрэглэгчдийн гар дээр очоод байсан бараг бүх цахилгаан автомашинуудаа эргүүлэн татаад байгаа аж.
Даваа гарагийн байдлаар Нью-Йоркийн Хөрөнгийн биржид "Rivian Automotive" компанийн хувьцааны ханш 4.6 хувиар унасан бол "Mercedes-Benz"-ийнх Франкфуртын биржид нэг хувиар унасан байна.