
Зургийг: С.Батсайхан
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дотоодын нислэгийн тийзийн үнийг бууруулах талаар хэлэлцэж, долоодугаар сарын нэгнээс эхлэн агаарын тээврээр зорчдог есөн аймгийн нислэгийн тийзийн үнийг 50-70 хувь хямдруулахаар болсон байна. Covid-19 цар тахлын өмнө дотоодын агаарын тээврийн компаниуд есөн аймаг руу нислэг үйлдэж байсан бол цар тахлын дараа санхүүжилтийн хүндрэлийн улмаас хоёр аймаг руу нислэг үйлддэг болоод байжээ.
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Ховд, Увс аймаг руу нисэх хоёр талын тийзийн үнэ 1.6 сая гаруй төгрөг байсан бол хямдруулснаар 600-800 мянган төгрөгөөр зорчих боломж нээгдэж байгаа аж. Мөн Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод зэрэг аймаг руу агаарын тээврийн зорчих хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэхийн тулд тийзийн үнийг хямдруулахаар болжээ.
Аж ахуйн нэгжүүд иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эдийн засгийн зөв тооцоолол хийж, иргэдэд илүү хямд төсөр үнээр үйлчлэх бодлого бариагүйн улмаас өнөөдрийн асуудал үүссэн гэж Засгийн газар үзжээ. Тиймээс МИАТ ТӨХК-ийг орон нутгийн нислэг үйлдэх нөхцөл боломжоор хангах болсон байна.
Ирэх оны нэгдүгээр сарын нэгнийг хүртэлх хугацаанд МИАТ ТӨХК гаднаас нойтон түрээсээр онгоц авч ашиглана. Түүнээс хойш өөрийн захиалсан онгоц буюу 75 хүний суудалтай орон нутгийн чиглэлд нислэг үйлдэх зориулалтын онгоцыг худалдаж авна. Ингэснээр аймгууд руу онгоцоор зорчих тийзийн үнэ дахин буурах нөхцөл бүрдэх аж. Дээрх шийдвэрийн үр дүнд МИАТ компани ямар нэгэн алдагдал хүлээхгүй ч ашигтай ажиллахгүй гэсэн тооцоолол хийжээ.
"Монгол Улсын тодорхой салбаруудад маш их монопол бий болсон байна. Баян-Өлгий аймаг руу нисээд ирж буй 45 хүний суудалтай онгоцны зардал 35 сая төгрөг байхад нэг удаа нисэхдээ хамгийн багадаа 70 сая төгрөгийн ашиг олж байх жишээтэй. Өрсөлдөөнгүй салбар үүссэний хор уршгийг ард иргэд нуруундаа үүрч байна" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.