
БНХАУ-ын эрх баригчид Австралийн нүүрсний импортод тавиад байсан хоригоо тодорхой түвшинд сулруулахаар төлөвлөгөө гаргаж эхэлжээ.
Мягмар гарагт “China Baowu Steel", "China Datang”, “China Huaneng”, “China Energy Investment” гэсэн дөрвөн том компанийн энэ онд Австрали улсаас нүүрс худалдан авах хүсэлтийг БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Энэ хүрээнд хамгийн эртдээ дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн нүүрсний импортыг хэвийн үргэлжлүүлж магадгүйг мөн мэдээлжээ.
БНХАУ өмнө нь Австралийн нүүрсний гол импортлогч орон нь байсан ч “коронавирус”-ийн уг гарлыг тогтоох шалгалттай холбоотой асуудлаар хоёр орны хооронд маргаан үүсэж, улмаар 2020 оны эцсээр Бээжингээс зүгээс тус улсын нүүрсний импортод албан бусаар хориг тавьсан юм.
Харин сүүлийн үед хоёр орны харилцаа сайжирч, 12 дугаар сард Австрали улсын Гадаад хэргийн сайд Пенни Вон олон жилийн дараа анх удаа БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Хэрэв Бээжингээс хориг арга хэмжээгээ цуцалбал Олон Улсын Худалдааны Байгууллагад БНХАУ-ын эсрэг тавьсан нэхэмжлэлээ эргэн харах боломжтойг Австралийн эрх баригчид илэрхийлж байв.
Ийнхүү Австралийн талд нааштай яриа хэлцэл хийж байгаа энэ үед БНХАУ Монголоос татах нүүрсний эрэлтийн тодорхой хэсгийг Австралийн нийлүүлэлтээр хангаж эхлэх магадлалтай болж байна. Гэхдээ зарим импортыг сэргээсэн ч зарим хязгаарлалтыг хэвээр үлдээх учраас Австралиас импортлох нүүрсний хэмжээ тийм ч их байхгүйг “SXCoal” онцолжээ.
БНХАУ нүүрсний импортоо нэмэгдүүлэх гэж буй энэ үед Монгол Улс нүүрсний үнээ нэмэхээр төлөвлөж байна. Тодруулбал: “Эрдэнэс Тавантолгой” ХК ирэх хоёрдугаар сарын нэгнээс нүүрсээ хилийн үнээр худалдана гэж тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдэгдсэн юм. Өнөөдрийг хүртэл тус компани нүүрсээ уурхайн амны үнээр худалдсаар ирсэн аж. Ингэснээр үнэ өсөж, борлуулалт нэмэгдэх, валютын нөөц өсөх зэрэг давуу талтайг онцолж байна.
2021 оноос өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний нийлүүлэлтээр 4.9 тэрбум ам.долларын орлого олжээ. Харин хилийн үнээр худалдсан бол 4.2 тэрбум ам.долларын нэмэлт орлоготой байх боломжтой байсан байна. Австралийн хоригийг сулруулах яриа хэлцэл хийж буй энэ үед БНХАУ-ын талаас Монголоос татах нүүрсний эрэлтийн тодорхой хэсгийг Австралийн нийлүүлэлтээр хангаж эхлэх магадлалтай болж байгаа юм.