logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Дэлхийн эдийн засагт зэсийн “их хомсдол” айсуй
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 23 16:20
    346
    Арилжааны биржүүдийн бүртгэлээс харвал зэсийн нөөц өдгөө түүхэн доод хэмжээндээ дөхөөд байна

    Компьютерын чипээс эхлээд талх шарагч хүртэл бүхий л цахилгаан хэрэгслийн гол түүхий эд болдог зэсийн үнэ гуравдугаар сараас хойш бараг 30 орчим хувиар унаад байна.

    Өсөлт, тэлэлтийг үргэлж дагуулдаг энэхүү металлын эрэлт дэлхийн эдийн засгийн уналтыг даган буурна гэж хөрөнгө оруулагчид эмээж байна.

    Хэдий тийм боловч өнөөгийн зах зээлийг ажиглахад төдийлөн анзаарагдахгүй ч хэдхэн жилийн дараа зэсийн томоохон хомсдол үүсэх нөхцөл бүрдсэнийг уул уурхайн зарим томоохон компаниуд, металл арилжаалагчид анхааруулах болов. Энэхүү хомсдол дангаараа дэлхийн эдийн засгийн өсөлтийг хойш татаж, инфляцыг хөөргөдөж, үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлж, уур амьсгалын эсрэг зорилтуудыг замаас нь хазайлгах боломжтой аж. Одоо үүсээд буй үнийн уналт, хөрөнгө оруулалтын дутагдал нь эрсдэлийг улам нэмж байна.

    COPPER.png

    “Бид ирээдүйд 2022 оныг эргэн хараад амаа барих болно. Зах зээлийн байдал яг одоо тулгараад буй асуудлуудыг л харуулж байна. Харин ирээдүйн талаар бодож үзвэл дэлхий өөрчлөгдөж байгаа нь илэрхий байх болно. Дэлхий улам цахилгаанжина, түүнийг дагаад зэс маш ихээр хэрэг болно” хэмээн “Wells Fargo” компанийн Бодит хөрөнгийн стратегийн дарга Жон ЛаФорж өгүүлжээ.

    Арилжааны биржүүдийн бүртгэлээс харвал зэсийн нөөц өдгөө түүхэн доод хэмжээндээ дөхөөд байгаа аж. Харин үнийн хэлбэлзлээс харвал 2024 оноос агшиж эхлэх төлөвтэй байгаа шинэ уурхайнуудын үйлдвэрлэлийн гарц ойрын ирээдүйд улам хумигдахаар байна.

    Хувьцаагаа нээлттэй арилжаалдаг дэлхийн хамгийн том зэсийн ханган нийлүүлэгч болох “Freeport-mcmoran” шинэ хөрөнгө оруулалтыг дэмжихэд зэсийн үнэ “хангалтгүй” байгааг анхааруулсан юм. Мөн хэдхэн өдрийн өмнө зэс олборлолтын аварга компани “Newmont Corp” Перу дахь хоёр тэрбум ам.долларын алт, зэсийн төслөө хойшлуулжээ.

    Таваарын зах зээлийн шинжээчид зэсийн айсуй хомсдол хэдэн жилээр биш юм аа гэхэд хэдэн сарын турш үргэлжлэхээр байгааг онцолжээ. Өнөөгийн зах зээлийн уналт хоосон болгоомжлол бий болгож, мөнгөний урсгалыг саатуулж, хөрөнгө оруулалтыг багасгаж буй нь ирээдүйд гарч ирэх ханган нийлүүлэлтийн асуудалд нэрмээс болж байна. Шинэ уурхайг хөгжүүлж, үйл ажиллагааг нь жигдрүүлэхэд хамгийн багадаа 10 жил шаардагддаг тул үйлдвэрлэгчдийн одоогийн алхам 10 гаруй жилийн ханган нийлүүлэлтийн хувь заяаг шийдэх юм.

    “Зэсийн үйлдвэрлэлд сайн хөрөнгө оруулалт татахад өндөр үнэ, эсвэл ядаж өндөр үнийн удаан хугацаанд үргэлжлэх төлөв хэрэгтэй байдаг” гэж “Rio Tinto” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм дурдсан байна.

    Яагаад зэс чухал гэж?

    Өдгөө жирийн автомашин үйлдвэрлэхэд ойролцоогоор 30 кг, мөн дундаж гэр бүлийн хэрэгцээг хангахад 180 кг зэс ашиглагдаж байна. Зэс нь цахилгаан дамжуулах үндсэн материал болохын зэрэгцээ ногоон ирээдүйд хөтлөх түлхүүр юм. Шинэ үеийн цэнэг хураагуурын гол найрлага нь лити боловч зэс, никель, кобальт зэрэг түүхий эдгүйгээр эрчим хүч дамжуулах боломжгүй. Мөн нар, салхины цахилгаан станц байгуулахад зэс тонн тонноороо хэрэг болно. Цахилгаан автомашинд шатахуунаар явдаг автомашинаас даруй хоёр дахин их зэс ашиглагддаг гэх мэт жишээтэй.

    Хомсдол хэр их байх вэ?

    Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэх зорилт хэрэгжиж эхэлснээр 2035 он гэхэд зэсийн эрэлт хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгааг “S&P Global” корпорацын судалгаа харуулжээ. Харин “BloombergNEF”-ийн тооцоолсноор зэсийн эрэлт 2022-2040 онд 50 хувиас дээш өсөлт үзүүлэх аж.

    Дээр дурдсанчлан нийлүүлэлтийн өсөлт нь 2024 онд дээд түвшиндээ хүрээд тогтворжих тул 2035 онд дэлхий нийт 10 сая тонн буюу түүхэнд байгаагүй хэмжээний зэсийн хомсдолд орох магадлалтайг “S&P Global” онцолжээ. 

    Cэтгэгдэл бичих