
“AutoNation” компани “Mercedes-Benz”, “Porsche” зэрэг авто үйлдвэрлэгчдийн хөрөнгө оруулалттай "RepairSmith" компанийг 190 сая ам.доллароор худалдан авахаар болсон байна.
Лос-Анжелес хотод төвтэй "RepairSmith" компани нь 2018 онд байгуулагдсан бөгөөд дуудлагын засвар хийдэг аж. Тус компани ирэх оны эхний улирал гэхэд худалдан авалтын хэлцэл эцэслэгдэнэ гэж мэдэгдээд байна.
АНУ-ын автомашин худалдааны томоохон сүлжээнд тооцогддог "AutoNation" цар тахлын дараа үйлчилгээгээ цахим худалдааны чиглэлд идэвхтэй өргөжүүлэх болсон юм.
Энэхүү зорилтынхоо хүрээнд тус компани автомашины зээлийн салбараа өргөжүүлэхээр “CIG Financial” компанийг оны эхэнд 85 сая ам.доллароор худалдан авсны зэрэгцээ цахим үйлчилгээгээ идэвхжүүлэхийн тулд автомашин худалдааны веб сайт “TrueCar”-ийн 6.1 хувьд ногдох хувьцааг худалдан аваад байна.
“RepairSmith”-ийг нэгтгэснээр засварын газар очих боломжгүй байгаа “AutoNation”-ийн хэрэглэгчид гэртээ эсвэл оффистоо дуудлагын засвар үйлчилгээ авах боломжтой болох аж.
Даваа гарагийн биржийн арилжаагаар тус компанийн хувьцааны ханшид өөрчлөлт бараг гараагүй бөгөөд он гарсаар хувьцааны ханш нь нэг хүрэхгүй хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.