
БНХАУ цаашид АНУ-тай хамтын ажиллагааны арга замыг эрэлхийлэхэд бэлэн байгааг тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпин мэдэгдлээ. Тэрбээр ирэх сард болох “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентэй уулзах магадлал өндөр байгаа юм.
Хоёр улсын хоорондын харилцан ойлголцлыг сайжруулах нь дэлхий дахины энх тайван, хөгжил дэвшлийг бэхжүүлэх болохыг Ши Жиньпин лхагва гарагт АНУ-БНХАУ-ын харилцааны Үндэсний хороонд илгээсэн захидалдаа онцолжээ.
“Харилцан хүндлэл, энх тайвнаар зэрэгцэн орших зарчим, аль ч талдаа ашигтай түншлэлд суурилсан шинэ эринд БНХАУ зөвхөн хоёр улсад бус дэлхий нийтэд ашиг тусаа өгөх хамтын ажиллагааны зөв арга замыг эрэлхийлэхийн төлөө АНУ-тай хүчээ нэгтгэн ажиллахад бэлэн байна” хэмээн тэрбээр онцолсон байна.
Гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Ши Жиньпин саяхан болж өнгөрсөн Коммунист намын их хурлаар “БНХАУ олон улсын зөрчил дунд зорилгоосоо ухрахгүй болох”-ыг амласан ч төд удалгүй ийнхүү эвлэрлийг уриалсан өнгө аястай мэдэгдэл хийсэн нь сонирхолтой үйл явдал болж байна.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт Батлан хамгаалах яамныхаа албан тушаалтнуудтай уулзахдаа “Хэдийгээр тус улс БНХАУ-аас цэрэг зэвсгийн хувьд давуу байдлаа хадгалах ч зөрчилдөөн өдөөхгүй болох”-ыг онцолжээ.
Тэрбээр “Хоёр улсын хооронд хүчтэй өрсөлдөөн байж болно, харин зөрчил байх шаардлагагүй” хэмээн дурдсан байна.
Түүнчлэн энэ долоо хоногт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби энэ талаар “Хоёр улс хоорондын харилцааны шугамуудыг нээлттэй хэвээр үлдээх бөгөөд үүнд Төрийн дээд удирдлагын түвшин мөн хамаарна” хэмээн өгүүлжээ. Мөн тус байгууллага ирэх сард Индонезийн Бали аралд “Их 20”-ийн бүлгийн удирдагчид чуулах үеэр АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Ингэснээр Жо Байден Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Ши Жиньпинтэй уулзалдах юм.