
2022 онд улсын хэмжээнд 378.1 мянган га-д үр тариа тариалснаас энэ долоо хоногийн байдлаар 304.4 мянган га-гаас 366.4 мянган тонныг, 353.1 мянган га-д улаанбуудай тариалж 285.5 мянган га-гаас 340.8 мянган тонныг хураан аваад байна. Үр тарианы ургац хураалт 86.1 хувьтай, улаанбуудайн хураалт 86.8 хувьтай үргэлжилж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ.
Мөн 38.5 мянган га-гаас 95.1 мянган тонн тэжээлийн ургамал, 81.2 мянган га-гаас 33.5 мянган тонн тосны ургамал хураан аваад байгаа аж. Энэ онд 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал тариалжээ. Өнөөдрийн байдлаар малын тэжээлийн ургамлын хураалт 56.5 хувь, тосны ургамлын хураалтын ажил 70.3 хувийн явцтай байна.
Харин төмсний хураалт 97.7 хувь, хүнсний ногооны хураалт 102.6 хувийн явцтай байгаа буюу 19.4 мянган га-гаас 207.9 мянган тонн төмс, 11.4 мянган га-гаас 128.1 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байгаа аж. Өнгөрсөн оны мөн үед 179.7 тонн төмс, 114.7 тонн хүнсний ногоо хураан авч байжээ. Энэ онд улсын хэмжээнд 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо тариалсан байна.
Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байгаа юм.