
Тайландын агаарын тээврийн “ThaiVietJet” компани Бангкок-Улаанбаатар-Бангкок чиглэлийн шууд нислэгийг зургаадугаар сарын дөрөвний өдөр хийлээ. “ThaiVietJet” компани 165 хүний суудалтай “Airbus A-321” агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх бөгөөд цаашид зорчигчдын урсгалаас хамаарч нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх юм байна.
Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийг энэ сараас эхлэн үйлдэхээр Тайланд улсын талтай тохиролцсоныг Гадаад харилцааны яам мэдээлж байсан юм.
"МИАТ" ТӨХК Тайландын чиглэлд аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд зөвхөн улирлын чанартай нислэг үйлддэг байсан бол “ThaiVietJet” компанийн нислэг эхэлснээр хоёр талын аялагч, жуулчдын урсгал жилийн турш тасралтгүй нэмэгдэж, шууд зорчих боломжтой болж байгаа аж.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор Монгол Улсыг Тайландын иргэдэд сурталчлан таниулах, жуулчдыг татахад чиглэсэн аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээг Тайландад зохион байгуулах, тус улсын тур операторын төлөөллийг Монголд айлчлуулахаар болоод байна. Харин Монголын бизнес эрхлэгчдийг Тайландын Худалдааны яамнаас зохион байгуулдаг Зүүн өмнөд Азийн орнуудыг хамарсан томоохон үзэсгэлэн, худалдаанд өргөнөөр оролцуулах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
Үүнээс гадна “Монгол Улс, Тайланд улсын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах таван жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 2027 он гэхэд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.доллар, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.доллар хүргэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаар Монгол Улс, Тайланд улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаанаар тохиролцсон байна. Талууд 2024 онд тохиох Монгол, Тайланд улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх, хоёр улсын эрх зүйн орчныг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавиад байгаа аж.