
Хүүхдийн мөнгөний асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан "Нэгдүгээр сарын 20-ноос хойш мэдээллээ шинэчилбэл тухай бүрд нь хүүхдийн мөнгө нь орно. Хоёрдугаар сар гарсан үед нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг нь нөхөж олгохоос гадна хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг бас өгнө. Хүүхдийн мөнгөний мэдээллийн системийн алдааг засварлаж чадвал Цагаан сараас өмнө хүүхдийн мөнгийг нөхөн олгож, Сар шинийн баяр дөхөх учраас гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж нэг дор өгөхөөр бэлтгэлээ хангаж эхэлсэн" гэж мэдэгдлээ.
Мөн тэрбээр "Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 91 хувьд өгнө. Тиймээс есөн хувьд багтсан л бол хүүхдийн мөнгөнөөсөө татгалзахыг хүсэж байна. Зайлшгүй шаардлагатай өрхүүдэд бодит дэмжлэг үзүүлэх үүднээс гаргасан шийдвэр гэдгийг харгалзах хэрэгтэй. 2020-2022 оны статистик мэдээллээс харахад хүүхдийн мөнгө авч буй өрхүүдийн 30 хувь нь тогтмол авдаггүй, хадгаламжид шилжүүлдэг судалгаа байдаг. Төр анх удаа өөрт буй мэдээллийг ашиглаж, өрхийн амьжиргааны түвшнийг тооцоолоод хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргаж байна. Мэдээллийн санд давхардлаас шалтгаалж үүссэн асуудлыг засуулах боломжтой" гэсэн юм.
Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Системээс шалгахад хүүхдийн мөнгөнд хамрагдсан гэж гарсан өрхийн хүүхдийн мөнгө нь асуудалгүй орно. Харин мэдээлэлд нь зөрүү гарсан байвал шинэчлэлийг 14 хоногийн хугацаанд хийж, хүүхдийн мөнгө авах ёстой өрхийн хүүхдүүдийг бүрэн хамруулахад Засгийн газар анхаарч ажиллана" гээд "Иргэд Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийн шинэчлэлийн ажлыг зохион байгуулах үйл явцад цахимаар болон биечлэн оролцох шаардлагатай" гэв.
Түүнчлэн "Монгол Улсын Төрд бүх төрлийн мэдээлэл бүртгэгдсэн байдаг ч иргэдийн хоорондын шилжих ажиллагааг иргэдийн зөвшөөрөлгүйгээр хийх боломжгүй. Зөвшөөрсөн тохиолдолд л хийгддэг. Засгийн газар цаашид бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн дүүрэн хийж чадсанаар ирэх жилүүдэд дахин ийм алдаа дутагдал гарахгүй байх бүрэн нөхцөлийг хангаж чадна” гэж онцлов.
Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа "Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам болон 10 гаруй Төрийн байгууллагатай хамтран өрхийн орлогыг тооцоолох аргачлалыг баталсан бөгөөд өмнө нь халамжийн ажилтнууд айлуудаар явж мэдээллийг цуглуулдаг байсан нь цаг хугацаа, зардал гардаг байсан. Энэ удаад Төрд байгаа мэдээллийн сангуудыг нэгтгэх аргаар тухайн өрхийн аж амьдралыг хамгийн оновчтой, сайнаар тодорхойлох загварыг боловсруулсан. Ингэхдээ өндөр цалин авч буй гээд хүүхдийн мөнгөнөөс хасах шалгуур тавиагүй" гэж онцлов.
Мөн тэрбээр “Өрхийн амьжиргаа цалин, цалингийн бус орлого, автомашин, малын тоо, хөрөнгө, байр, орон сууц, өрхийн гишүүдийн тоо зэрэг олон үзүүлэлтээс хамаардаг. Тиймээс бид Төрд таван мэдээллийн сангийн 10 гаруй хувьсагчийг авч, өрхийн аж амьдралыг хамгийн бодитойгоор тооцох загварыг боловсруулсан гэж үзэж байна. Ажлын хэсэг зөрүүтэй мэдээллийг иргэдтэй хамтран засах ажлыг шуурхай хийнэ" гэж тайлбарлалаа.
Харин Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Хүүхдийн мөнгөний асуудалд Монгол Улсын Засгийн газар анх удаа Төрд байгаа мэдээллүүддээ суурилан тооцоолол хийж, тодорхой гаргасан томьёоллын тусламжтайгаар холбогдох мэдээлэл хариуцаж буй байгууллагуудын мэдээлэлд суурилан иргэдэд мэдэгдэл хүргүүлсэн. Засгийн газраас анх удаа авч хэрэгжүүлэхэд мэдээллийн зөрүүтэй байдал том саад учрууллаа. Мэдээллээ хоорондоо солилцож чадахгүй байна. Засгийн газар цаашид мэдээллийн интеграцад анхаарал хандуулна” гэж онцлов.