
БНХАУ-ын Коммунист Намын таван жилд нэг удаа зохион байгуулдаг их хурал аравдугаар сарын 16-нд эхлэхээр болсныг тус улсын Төрийн хэвлэл мэдээллээ. Их хурлаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний бүрэн эрхийн хугацааг гурав дахь удаагаа сунгахаар хүлээгдэж байгаа ч энэ нь тэрбээр улсаа бүх насаараа удирдана гэсэн үг хараахан биш ажээ.
Тус улсын шийдвэр гаргах дээд байгууллага Улс төрийн товчоо мягмар гарагт хуралдаж ХХ их хурал эхлэх өдрийг товлосны зэрэгцээ аравдугаар сарын есний өдөр их хуралд бэлтгэх долоодугаар бүгд хурлыг явуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.
Коммунист намын их хурлаар дотоод, гадаадын нөхцөл байдалд дүгнэлт хийж, өнгөрсөн таван жилийг эргэн харахаас гадна баян хоосны ялгааг бууруулах Ши Жиньпиний санаачилга дээр тулгуурласан хамтын хөгжил цэцэглэлт гэх бодлогыг чухалчлан авч үзэх аж. Тус бодлогын хүрээнд гарч буй боловсрол, технологийн салбар дахь томоохон өөрчлөлт зарим хөрөнгө оруулагчдын санааг зовоож байгаа юм.
Коммунист намын гишүүн 68 нас хүрээд тэтгэвэрт гардаг бичигдээгүй дүрэм байдаг ч өдгөө 69 настай Ши Жиньпиний хувьд энэ хурлаар эрх мэдлээ авч үлдэх магадлал өндөр. 2018 онд Ерөнхийлөгчийн зөвхөн хоёр удаа сонгогддог хязгаарыг хүчингүй болгосон тэрбээр сүүлийн 10 жилийн турш дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсыг удирдаж байна. Харин намын бусад гишүүдэд дээрх дүрэм үйлчилбэл Улс төрийн товчооны 25 гишүүний ес нь, мөн Байнгын хорооны долоон гишүүний хоёр нь их хурлын үеэр албан тушаалаасаа буух юм.
Гэхдээ Ши Жиньпин гурав дахь бүрэн эрхээ баталгаажуулснаар түүний байр суурь бэхжих ч 2027 онд дахин сонгогдох эсэх нь тодорхой бус байна. Улс төрийн товчооны дараагийн гишүүд сонгогдсоны дараа түүний хэтийн төлөвлөгөө ил болно гэж үзэж буй. Ши Жиньпиний сонгосон том албан тушаалтнууд ихэвчлэн 60-аад онд төрсөн хүмүүс тул түүний гурав дахь бүрэн эрхийн хугацааны үед тэд тохиромжтой залгамжлагч болоход хэт хөгширсөн байх юм. Харин тухайн үед гарч ирэх шинэ боловсон хүчин дараагийн их хурлаар Ши Жиньпинийг албан тушаалаас нь буулгаж, Дэн Сяопин шиг хажуугаас нөлөө үзүүлдэг оюун санааны удирдагч болгож ч магадгүй аж.
Залуу боловсон хүчний нөлөөллөөс гадна эдийн засгийн удаашрал, геополитикийн хурцадмал байдал түүний насаараа удирдах боломжид саад тотгор учруулж байна. Сүүлд л гэхэд Тайванийн арлын асуудлыг яаралтай шийдэх нь Ши Жиньпинд ирсэн өөр нэгэн дарамт болсон юм.
Цар тахлын дэглэмээс болж гурван жилийн турш олон улсын уулзалт, айлчлал хийгээгүй байгаа Ши Жиньпин их хурлын дараа олон улсын тавцанд эргэн ирж магадгүй аж. Тэрбээр ирэх 11 дүгээр сард Индонезийн Бали аралд болох “Их 20”-ийн бүлгийн удирдагчдын уулзалтад Владимир Путин, Жо Байден нарын хамт оролцох бол түүний дараа Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцохоор Бангкокийг зорих болохыг ойрын эх сурвалжууд мэдээлжээ.
Түүнчлэн Хятадын эдийн засгийг зогсонги байдалд оруулж шүүмжлэлд өртсөн ч нөгөө талаараа нас баралтын түвшнийг багасгасан COVID-19-ийг үл тэвчих бодлогыг энэ хурлаар цуцлах эсэх дээр тодорхой хүлээлт үүсээд байна. Тус улсын III улирлын эдийн засгийн үзүүлэлтийг аравдугаар сарын 18-нд буюу их хурлын дундуур тайлагнах юм.
Бээжингийн Ардын их танхимд 2300 төлөөлөгч долоо хоногийн турш чуулах Коммунист намын их хурлаар мөн Засгийн газрын томоохон албан тушаалтнуудын дунд халаа сэлгээ хийгдэх бололтой. Тодруулбал: Ардын төлөөлөгчдийн их хурлын дарга Ли Жаньшу, Тэргүүн орлогч Хан Жен гэсэн Улс төрийн товчооны хоёр гишүүнийг албан тушаалаас нь буулгаж магадгүй бол Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көциан ирэх онд албан тушаалаа өгөх болохоо өнгөрөгч гуравдугаар сард зарласан билээ.