
Технологийн томоохон компаниудын өнгөрсөн улирлын орлогын үзүүлэлт тааруу гарч, үнэлгээ нь олон зуун тэрбум ам.доллароор буурч буй энэ үед ховорхон эерэг үр дүнг “Apple” компани танилцуулжээ. Хэдийгээр “iPhone” гар утас болон цахим үйлчилгээнийх нь борлуулалт хангалттай сайн байгаагүй ч тус компанийн III улирлын тайлан ерөнхий дүнгээрээ шинжээчдийн таамгийг давсан байна.
Есдүгээр сарын 24-нөөр эцэслэсэн тайлант хугацаанд тус компанийн гол бүтээгдэхүүн “iPhone” гар утасны борлуулалтын орлого 42.6 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн төсөөлөл болох 42.7 тэрбум ам.доллароос төдийлөн хол зөрөөгүй үзүүлэлт болжээ. Харин хөгжим, видео стриминг зэрэг үйлчилгээний орлого нь 19.2 тэрбум ам.доллар болсон нь өмнөх таамгаас 800 гаруй сая ам.доллароор бага байгаа аж.
Өнгөрсөн улиралд “Apple”-ийн нийт орлого 8.1 хувиар өсөж, 90.1 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн тооцоолол болох 88.6 тэрбум ам.доллароос давсан үзүүлэлт бөгөөд “Mac” компьютер, ухаалаг цагны борлуулалтын өсөлт хүлээлтээс сайн байсан нь үүнд голлон нөлөөлжээ.
Тус компанийн хувьцааны ханш энэ он гарсаар 18 хувиар буурсан ч бусад гол индексүүдтэй харьцуулбал тийм ч тааруу үзүүлэлт биш юм. Тухайлбал: 2022 онд “S&P 500” индекс 20 хувиар, технологийн компаниудыг нэгтгэдэг “Nasdaq Composite Index” 31 хувиар буураад байгаа аж.
“iPhone” гар утас “Apple”-ийн борлуулалтад гол жин дарсан хэвээр бөгөөд өнгөрсөн сард танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүд нь энэ улирлын орлогын үзүүлэлтийг эрс өсгөнө гэж тус компани тооцоолж байна. Шинээр худалдаанд гарсан “iPhone 14” гар утаснуудын есөн өдрийн борлуулалт өмнөх улирлын тайланд багтсан тул орлогын үзүүлэлт өсөлттэй гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.
“Apple” компани цар тахлын эхэн үеэс хэрэгжүүлж эхэлсэн зарчмаа дагаж, энэ улирлын орлогын төсөөллөө ил болгоогүй байна. Харин шинжээчид тус компанийн борлуулалтыг 128 тэрбум ам.доллар буюу бүх цаг үеийн дээд түвшинд хүрч өснө гэж тооцоолж байгаа аж.