
Европын Төв банк Мөнгөний бодлогын ээлжит хурлаараа бодлогын хүүг 75 суурь нэгжээр өсгөж, 1.5 хувь болголоо. Өөрөөр хэлбэл сүүлийн 10 жилийн хамгийн дээд түвшинд хүргэж өсгөжээ.
Эдийн засагчдын таамаглаж байсанчлан пүрэв гарагт Франкфурт дахь Төв банкны удирдлагуудын хурлаас бодлогын хүүг ийнхүү хоёр дахь удаагаа 75 суурь нэгжээр өсгөжээ. Мөн цаашдаа бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх магадлалтай гэдгийг энэ үеэр мэдэгдсэн байна. Учир нь Евро бүсийн инфляцын түвшин таамаглаж байснаас харьцангуй өндөр байгаа юм.
19 улсын бүрэлдэхүүнтэй Евро бүсийн эдийн засаг эрчим хүчний үнийн өсөлттэй тулгараад байгаа аж. Европын Төв банк зорилтот хоёр хувийн өсөлтөөс тав дахин илүү байгаа тус салбарын үнийн өсөлттэй эрчимтэй тэмцэнэ гэсэн байна.
"Өнгөрсөн III улиралд Евро бүсийн эдийн засгийн үйл ажиллагаа мэдэгдэхүйц хэмжээгээр удааширсан. Тиймээс цаашnд эдийн засгийн уналт үүсэх магадлал маш өндөр болоод байна" хэмээн Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард хэвлэлийн бага хурлын үеэр онцолжээ.
Ингэснээр Европын Төв банкны бодлогын хүүгийн өсөлт нь АНУ-ын Төв банкны хүүгийн түвшний өсөлтийн хурдтай дүйцэж очиж байна. АНУ-ын хувьд инфляцын өсөлттэй хийх тэмцлээ Европын Холбооноос эрт эхлүүлснээр сүүлийн үед ам.долларын ханш чангарч, еврогийн ханш сулраад байсан юм. Түүнчлэн Канад улс өнгөрсөн лхагва гарагт мөнгөний хатуу бодлогынхоо эрчийг сулруулах болсноо зарлаж, хөрөнгө оруулагчдын урмыг хугалаад байгаа юм.
Европын Төв банкнаас мөн цар тахлын үеэр олгосон хоёр их наяд евротой тэнцүү маш бага хүүтэй “TLTRO” хөнгөлөлттэй зээлийн багцын нөхцөлийг илүү хатуу болгосон байна. Учир нь сүүлийн үеийн бодлогын хүүгийн өсөлтийг далимдуулан бага хүүтэй хөнгөлөлттэй зээл авсан компаниуд Европын Төв банкны дансанд мөнгө байршуулах замаар хүүгийн зөрүүнээс сул ашиг олдог болоод байгаа юм.