
Тэрбумтан Илон Маск “Twitter” компанийн нэгж хувьцааг 54.20 ам.доллароор үнэлэн авах анхны саналаа сэргээлээ. Ингэснээр тэрбээр 44 тэрбум ам.долларын дуулиант хэлцлийг цуцлах байр сууринаасаа ухарч, хууль шүүхийн өртөг өндөртэй "тулаан"-аас мултарч магадгүй болжээ.
Даваа гарагт Илон Маск саналаа "Twitter"-т захидлаар илгээсэн болохыг АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо тайландаа дурджээ. Харин компанийн зүгээс анхны тохиролцсон үнээр хэлцлийг дуусгахыг дэмжиж буйгаа мэдэгдсэн байна.
Дээрх мэдээлэл гарсны дараа Нью-Йоркийн Хөрөнгийн биржид “Twitter”-ийн хувьцааны ханш 22 хувиар өсөж, 52 ам.доллар болж хаагджээ.
Илон Маскийн хувьд дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан худалдан авалтын гэрээгээ цуцлахаар сүүлийн хэдэн сарын турш “хөөцөлдөж” байсан юм. Хэлцэл тохиролцоонд хүрснээс хойш төдийлөн удалгүй тэрбээр шийдвэрээсээ буцах хандлага үзүүлж, “Twitter”-ийг хэрэглэгчдийн тоо болон тэдгээрийн хэдэн хувь нь автомат буюу “бот” хаяг эсэх талаар худал мэдээлэл өгсөн гэж буруутгаад байв.
Долоодугаар сард Илон Маск хэлцлээс албан ёсоор гарсан тул “Twitter”-ээс түүнийг Делавэр мужийн шүүхэд өгсөн бөгөөд аравдугаар сарын 17-нд шүүх хурал товлогдоод байв. Харин мягмар гарагт Делавэр мужийн шүүгч хоёр талын төлөөллийг дуудаж, хэргийг хянан шийдвэрлэх явц цаашид хэрхэн явагдах талаар хүсэлт гаргаж өгөхийг даалгасан байна. “Twitter”-ийн хувьд хэргийг хэрэгсэхгүй болгохыг дэмжих, эсвэл худалдааны хэлцэл дуусах хүртэл шүүхийн эрх мэдлийг хэвээр үлдээх сонголтууд байгаа аж.
Үүнээс өмнө Илон Маскийн өмгөөлөгчид тус компани гэрээнд тусгагдсан заалтуудыг зөрчсөнийг нотлох зорилготой байсан бол “Twitter”-ийн талаас Илон Маск худалдан авалтыг эцэслэх эдийн засгийн боломжгүй байдлаа “бот” хаягийн асуудлаар халхавчилж, хэлцлээс гарахыг оролдож байна гэж үзэж байв. Шүүх хурлын өмнөх шатны хэлэлцүүлгээр шүүгч Кэтэлин МакКормик хэд хэдэн асуудалд “Twitter”-ийг дэмжсэн байр суурьтай байсны зэрэгцээ Илон Маскийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэр тэдний талд гарах магадлал бага байгааг мэдэрч эхэлсэн хэмээн ойрын эх сурвалж өгүүлжээ.