logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үзэл бодол
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Дунд түвшний менежерүүдийн хувьд байдал хүндхэн байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 28 15:00
    30163
    Оффисын ажилтнуудаас дунд түвшний удирдлагуудын ажил амьдралын тэнцвэр хамгийн их алдагдсан, мөн ихээхэн стресстэй байдгийг судалгаагаар тогтоожээ

    Ажилтнууд оффистоо ирж ажиллах болсонтой холбоотойгоор дунд түвшний менежерүүдэд хоёр талаас ирэх дарамт нэмэгдэж байна. Бүх түвшний ажлын байруудын дунд дээрх албан тушаалыг хашиж буй хүмүүсийн ажлаасаа шантрах эрсдэл хамгийн өндөр байдаг аж.

    “Дараагийн хундагыг даргадаа зориулаарай”. Учир нь оффисын бүх ажилтны дундаас дунд түвшний удирдлагуудын ажил амьдралын тэнцвэр хамгийн ихээр алдагдсан, мөн стресс ихтэй, сэтгэл түгшилттэй явдгийг судалгаагаар тогтоожээ. 

    "Slack Technologies" компанийн "Future Forum" агентлагийн хийсэн судалгаагаар дунд түвшний менежерүүдийн 43 хувь нь ажлаасаа шантарч байгаа гэсэн үр дүн гарсан аж. Энэ нь оффисын албан тушаалтнууд дундаас хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Энэхүү санамсаргүй түүвэр судалгаанд АНУ, Австрали, Франц, Герман, Япон болон Их Британийн 10 мянган гаруй оффисын ажилтан оролцжээ.

    "Улирал улирлаар дунд түвшний менежерүүдийн дарамт нэмэгдэж байгааг бид харж байна" хэмээн "Future Forum"-ийг үүсгэн байгуулагч Шила Субраманиан онцоллоо.

    Тэдний хувьд эдийн засгийн тогтворгүй байдал болон хөдөлмөрийн бүтээмж буурсан өнөө үед үр дүнтэй ажиллахыг шаардсан удирдлагын дарамтад орсон. Нөгөө талаас доороо ажиллаж буй ажилтнуудаас инфляцын өсөлттэй нийцүүлэн цалин хөлсийг нэмэхгүй байна гэсэн гомдол байнга авч байна. Мөн тэд цар тахлын оргил үед зайнаас болон оффистоо ажиллаж буй ажилтнуудыг удирдан зохицуулах хүндхэн сорилттой тулгарсан байгаа аж. 

    Цалин урамшуулал, ажлын гүйцэтгэлийн хуваарилалт, оффис дээр эргэн ирж ажиллах зэрэг олон санаачилгуудад "Менежерүүдэд үүнийг өгчих" гэсэн хариулт өгдөг болоод байгааг "Gartner" консалтингийн компанийн хүний нөөц хариуцсан дэд Ерөнхийлөгч Каролин Уолш онцолж байна. 

    "Олон менежерүүдийн хувьд өөрсдөө оффист ирж ажиллах хүсэлгүй байсан учраас энэ талд бусдыг төдийлөн хүчлээгүй. Тэдний доор ажилладаг багийнхан "Би яагаад оффис дээр очих ёстой гэж? “Zoom”-ийн ярилцлагаар гэрээсээ хийж болох ажлыг хийхийн тулд би яагаад хөдлөх ёстой юм бэ?" гэсэн асуултуудыг менежерүүдээс асууж байна. Энэ асуултад өгөх оновчтой хариулт одоогоор тэдэнд алга" хэмээн Шила Субраманиан нэмж өгүүлжээ.

    Энэ бүхний зэрэгцээ дунд түвшний менежерүүдэд удирдах албан тушаалтнуудад байдаг шиг хүрээлэл, сүлжээ болон доор нь ажилладаг итгэлтэй үнэнч ажилтнууд байдаггүй гэдгийг Шила Субраманиан онцолсон байна. 

    Цахиурын хөндийн удирдах албан тушаалтнууд болон менежерүүдэд карьерын сургалт өгдөг Кайл Эллиотийн ярьснаар түүний хэд хэдэн үйлчлүүлэгч бусдыг удирдах шаардлагагүй албан тушаалд шилжсэн гэнэ.

    Дунд түвшний менежерүүдээ дэмжихийг хүсэж буй компаниудад Шила Субраманиан хэд хэдэн зөвлөгөө өгч байна.

    - Эн тэргүүнд сургалт, хөгжүүлэлтийн арга хэмжээнд хөрөнгө оруулж, дунд түвшний менежерүүдийг өөрсдийн гэсэн хүрээлэлтэй болгох нь чухал.

    - Мөн оффистоо буцаж ирэх зэрэг хүнд асуудлууд дээр өөрсдийн багтай чөлөөтэй хэлэлцэж шийдвэр гаргах эрхийг нь илүү давуу олгох нь зүйтэй.

    - Харин урт хугацаанд ажлын гүйцэтгэл сайтай ажилчдыг тушаал дэвшүүлэхээр шийдсэн бол тэднээс менежер болохыг үнэхээр хүсэж байгааг нь асуух хэрэгтэй.

     - Хэрэв тэд бусдыг удирдлага доороо ажиллуулахыг хүсэхгүй бол өөр төрлийн урамшуулал олгох нь зүйтэй гэж зөвлөжээ.

    Cэтгэгдэл бичих