
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь хүчээ зузаатгахаар цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа тус улсыг орхисон иргэдийн тоо албанд татагдсан иргэдийн тоог хол даваад байна.
Есдүгээр сарын 21-нд Владимир Путины зарлиг гарснаас хойш 200 мянга гаруй иргэнийг дайчилгаанд хамруулаад байгааг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдээллээ. Гэтэл тухайн хугацаанд ОХУ-ын мөн адил 200 мянган иргэн хөрш Казахстаны хилээр нэвтрээд байгааг тус улсын Дотоод хэргийн сайд онцолж байна.
Түүнчлэн есдүгээр сарын 30-ны байдлаар Гүрж улс ОХУ-ын 69 мянга гаруй иргэнийг хүлээж авсан бөгөөд хоёр улсын хил дээр хэдэн километр урт үргэлжлэх автомашины дараалал үүсээд байсныг мэдээлсэн юм.
Харин есдүгээр сарын 25-наар эцэслэсэн долоо хоногт ОХУ-ын 66 мянган иргэн Европын Холбоо руу нэвтэрсний ихэнх хувь нь Финланд улсаар дамжжээ. Хэдийгээр тус улс ОХУ-ын жуулчдад тавих визийн шаардлагаа чангатгаж, хилээр орох хөдөлгөөнийг багасгах арга хэмжээ авсан ч есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын гурваны хооронд ОХУ-аас 30 мянга гаруй иргэн орсон байна.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-аас ирсэн иргэдийн оршин суух нөхцөлийг хөнгөвчлөх зохицуулалт хийсэн Монгол Улсын хойд хилээр аравдугаар сарын хоёрны байдлаар 12 мянга гаруй иргэн нэвтэрчээ.
Харин Турк, Армен, Азербайжан зэрэг ОХУ-ын иргэд визгүй зорчих эрхтэй байдаг орнууд дээрх хугацаа дахь хилийн нэвтрэлтийн тоо баримтаа мэдээлээгүй байна.
Владимир Путины зарласан дайчилгааны шалгуур, үйл явцын тухай олон мэдээлэл тодорхой бус байсан нь ОХУ-аас гарах иргэдийн урсгал нэмэгдэхэд мөн нөлөөлжээ. Хэдийгээр зэвсэгт хүчний нөөцөд буй 300 мянган алба хаагчийг эхний ээлжид дайчлах болохыг Сергей Шойгу мэдэгдсэн ч ахмад настай, эсвэл хүнд өвчтэй иргэдийг албанд татаж байгаа тухай мэдээлэл ихээр гарсан юм. Улмаар есдүгээр сарын 29-нд болсон хурлаар Владимир Путин “Дайчилгааны явцад гарсан алдаануудаа засаж, дахиж алдаа гаргахгүй байх”-ыг батлан хамгаалахын албан тушаалтнууддаа үүрэг болгосон юм.