
Одоогоор дээд түвшинд хүрээд буй литийн үнэ 2025 оны эцэс гэхэд 50 орчим хувиар унах магадлалтай байгааг БНХАУ-ын “Zijin Mining” компанийн Ерөнхийлөгч Зоу Лайчан “Reuters NEXT” хуралд оролцохдоо онцолжээ.
2025 онд нийлүүлэлт огцом өссөнөөр литийн үнэ “хэвийн түвшинд” буюу тонн нь 300 мянгаас 400 мянган юанийн хооронд эргэн очих төлөвтэй байгааг тэрбээр дурдсан байна.
Сүүлийн байдлаар БНХАУ-д цэнэг хураагуурт ашиглагддаг литийн карбонатын спот үнэ тонн нь 597 мянга 500 юань (83 мянга 430 ам.доллар) болж, жилийн өмнөхөөс гурав дахин нэмэгдээд байгаа аж.
Алт олборлолт, зэсийн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг “Zijin Mining” компани он гарсаар литийн гурван уурхай худалдан авахад 16 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа тул цэнэг хураагуурын металл үйлдвэрлэлээр дэлхийн “Топ 10” компанийн нэг болжээ.
Цахилгаан автомашины үйлдвэрлэлийн хурдацтай өсөлт үргэлжилж, нийлүүлэлт илүүдсэнээр ирэх онд литийн үнэ оргилдоо хүрээд буурах болгоомжлол байгаа ч тус компани хэлцлийн тоогоо багасгах төлөвлөгөөгүй байна.
“2030 он гэхэд “Zijin Mining” дэлхийн “Топ 3”, эсвэл “Топ 5” уул уурхайн компанийн нэг болох зорилт тавин ажиллаж байна. Үүний тулд бид алт, зэс, цайрын үйлдвэрлэлээсээ гадна өсөлтийн шинэ хөдөлгөгч хүчтэй болох хэрэгтэй” хэмээн тус компанийн Ерөнхийлөгч онцоллоо.
Тус компани нэгдүгээр сард Аргентинд литийн уурхай ажиллуулдаг Канадын “Neo Lithium” компанийг 920 сая канад доллароор худалдан авсан нь сүүлд хийсэн томоохон хэлцэл болсон байна. Мөн Төвөдөд байрлалтай Лаккор Цо литийн давсны уурхай, Хунань муж дахь Шиангюань литийн уурхайг худалдан аваад байгаа юм. Хэдий тийм боловч сүүлийн үед БНХАУ-ын олборлогч компаниуд гадаадад хөрөнгө оруулалт хийхэд шинэ сорилтууд тулгараад байна. Тухайлбал: өнгөрсөн сард Канад улсын Засгийн газар үндэсний аюулгүй байдлын бодлогоо хангах үүднээс БНХАУ-ын гурван компанид тус улс дахь литийн уурхайнуудад хийж буй хөрөнгө оруулалтаа зогсоохыг тушаажээ.
“Zijin Mining” 2025 он гэхэд литийн карбонат үйлдвэрлэлийн хүчин чадлаа 150 мянган тонн хүргэх зорилт тавьсан байна. Одоогоор тус компанийн зах зээлийн үнэлгээ 35 тэрбум ам.доллар хүрээд байгаа аж. Өнгөрсөн онд “Zijin Mining” 2.2 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна.